Энэ оны нэгдүгээр сарын 14-ний шөнө Италийн Тоскани мужийн Giglio арлын ойролцоох эрэгт осолдсон “Costa Concordia” хөлөгт амь үрэгдсэн хүний тоо 30 болсон тухай ИТАР-ТАСС мэдээллээ.
Сураггүй байсан таван хүний цогцсыг пүрэв гаригт хөлгөөс гарган авсан байна. Сүйрлийн газарт ажиллаж байгаа багийнхан хөлгийн гүнд орж, хамгийн хэцүү хэсгээс зорчигчдын цогцсыг гаргасан байна. Одоо хөлөгт явсан хоёр зорчигч сураггүй хэвээр байгаа юм. “Costa Concordia” хөлгийн шатахууныг шавхаж дуусч байгаа талаар багийн комиссар Франко Габриэлли мэдэгдсэн бөгөөд хэрвээ цаг агаар тогтуун байвал ойрын өдрүүдэд шатахууныг бүрэн соруулж амжина гэжээ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор энэ том хөлөг онгоцны сүйрлийн дараахь ажил 9-11 сарын хугацаа шаардах юм. Хөлөг осолдох үедээ зорчигчид, хөлгийн экипажийн гишүүд нийлсэн 4200 хүнтэй явж байсан юм.
Н.ТУНГАЛАГ