Португалид жагсагчид цагдаа нартай мөргөлдлөө

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

Португалид жагсагчид цагдаа нартай мөргөлдлөө

Португали улсад пүрэв гаригт бүх нийтийн ажил хаялт болон эсэргүүцлийн жагсаал болсон тухай ИТАР-ТАСС мэдээлэв.

Хэдэн мянган жагсагчид Засаг Захиргааны эдийн засгийн хатуу бодлого болон хөдөлмөрийн хуулийг өөрчлөхийг эсэргүүцэн ажил хаяж, жагсаал хийсэн байна. Португалийн Засгийн Газар олон улсын байгууллагуудаас санхүүгийн тусламж авахдаа эдийн засгийн чанга бодлого боловсруулсан юм. Мөн хөдөлмөрийн хуулинд өөрчлөлт оруулж, цалин хөлсийг хасахаар шийдсэн аж. Түүнчлэн хэд хэдэн үндэсний баярын амралтын өдрүүдийг цөөлөхөөр болсон учир иргэд эсэргүүцлийн ажил хаялт зарлаж, жагсаал хийсэн юм.

Тээврийн байгууллагууд эхэлж ажил хаясан бөгөөд хотын метро бүтэн өдрийн турш ажиллаагүй ажээ. Төмөр зам болон хотын нийтийн тээврийн байгууллагууд мөн ажил хаялтад оролцсон байна. Үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулсан тайван жагсаал Португалийн 35 хотод болсон бөгөөд зөвхөн нийслэл Лиссабонд жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсчээ. Жагсагчид цагдаа нартай мөргөлдсөний улмаас хоёр сэтгүүлч гэмтэж бэртсэн байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж