МАН ард түмнээ сүрдүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

МАН ард түмнээ сүрдүүлж байна

Ардчилсан хувьсгалаар Монголчуудын олж авсан хамгийн үнэт зүйл нь сонгох, сонгогдох эрх, эрх чөлөө юм. Хэдийгээр ард түмэн сонгох, эс сонгох, сонгогдох эрх, эрх чөлөөгөө олж авсан ч мөнгөтэй, эрх мэдэлтэй, үгсэн хуйвалдагчид энэхүү эрхийг нь хөсөрдүүлж ирсэн тул эдлэх эрхийнхээ төлөө 2008 оны долдугаар сарын 1-нд эсэргүүцлээ илэрхийлж, жагссан билээ. Монголын ардчилсан төрт улсын түүхнээ “Хар мягмар” гариг хэмээн тэмдэглэгдсэн энэ өдрийг өнөөдөр ч шүүн хэлэлцсээр байна.
Тухайн үед ард түмний эсэргүүцлийн жагсаал цуглааныг муйхарлан дарж, эрдэнэт хүний амь насыг хөнөөсөн буруутан хэн бэ. Энэ асуултын хариуг ард түмэн нэхсээр байх болно. Ард түмэн нь жагсч, буудуулж, хэлмэгдэж, хорих “лагерь” –луу ачигдаж байхад ард түмний сонгох, сонгогдох эрх, эрх чөлөөг луйвардсан МАН-ын эрх мэдэлтэнүүд “УИХ-ын гишүүн” хэмээх зөөлөн сэнтийд дөрвөн жил ичих ч үгүй заларсан.  

Энэ жагсаалын, ард түмнээ буудсан хар өдрийн үндсийг бий болгосон МАН сонгууль дөхөнгүүт ард түмэндээ “Дахиад сонгууль будлиантсан гэж жагсах юм бол хорих болно” гэдгээ энэ үеэр сануулаад авав. Шүүхийг үл хүндэтгэн цагдаа нараар шүүгчдийн дарамтлуулж, иргэн бүр Үндсэн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг ч тасар татан хаяж байна. Ардын нам хэмээх аймшигийг цагдаа хэрхэн хамгаалдагийг, үгсэн хуйвалдагыг сүүлийн хэдэн өдөр ард түмэн хангалттай харлаа. Монголын цагдааг МАН нь, МАН цагдаагаа хамгаалж оршин тогтнодог болохыг мэдсэн, мэдэрсэн ард түмэн Шүүх хуралдааныг үл хүндэтгэсэн бас нэгэн хар түүхийг зүрхэндээ, түүхэндээ тээж үлдлээ. Долдугаар сарын 1-ний хар өдөр сонгох, сонгогдох эрх, эрх чөлөөнийхөө төлөө жагссан, амь насаа алдсан иргэд МАН-д хэрэггүй юм гэхэд эх орондоо, ээж аавдаа, ах дүүдээ эрхэм хүмүүс байсан юм.

Буруугаа хүлээж, улс төрийн тайзнаас чимээгүйхэн бууж чадах зориггүй, үлбэгэр МАН хорин жил ард түмнийг сонгуулийн амлалтаар хуурч, хошгоруулж, энэ бүхнийг нь эсэргүүцсэн ард түмнээ цагдаагийн хүч хэрэглэн тарааж, залхаан цээрлүүлж ирсэн түүх өнгөрсөн хорин жилийн түүх байлаа. Ардчилсан залхаан цээрлүүлэлт ардчилалтай хамт өсч, өндийж, ард түмний цагдаа гэх багны цаана МАН цагдааг улс төржүүлсэн нүүр царайгаа нууж ирснийг саяхан болж өнгөрсөн цагдаагийн генерал, хурандаа нарыг шүүсэн шүүх хуралдаан харууллаа. Шүүхийг доромжилсон, хүчгүйдүүлсэн МАН-ын үнэн нүүр царай сонгууль дөхөх тусам улам харгис, хатуугаар илэрч байгаад эмзэглэхгүй байх аргагүй.

Онц байдал тогтоосноос хойш мянга гаруй иргэдийн Дэнжийн мянга болон бусад хорих газруудад албадан саатуулж хүний эрх зөрчиж хорьсныг, хоёр зуу гаруй иргэдийг хилсээр шийтгэж, дөрвөн хүний алтан амийг галт зэвсгээр хороосон буруутан, буруутай үйлдэл бий болох овоог нь босгосон МАН болон цагдаагийн генерал, хурандаа нарын хэргийг шударга шүүхээр, нээлттэй хэлэлцэх ёстой. Эрх мэдэлтэнд хууль эс үйлчлэх зарчим нь ардчилалыг дарангуйлагч нийгэм рүү хөтөлдөг. Бидэнд, монголчуудад шударга ёс, шударга шүүх, ард түмний төлөө үйл ажиллагаа явуулдаг улс төрийн нам хэрэгтэй. Сонгууль бүрийг луйварддаг, ялдаг сэтгэлгээ МАН-ын гол имиж. Тэд шүүхийг айлгаж, цагдаагийн эрх мэдэлтэнүүд болон тухайн үеийн энэ хэрэгт холбоотой улс төрчдөө өмөөрч, ард түмнээ сүрдүүлж байна.

Г.ҮЛЭМЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж