Хэлэлцүүлгийн эхэнд Монгол дахь НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Хатагтай Сезин Синаноглу, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар нар усны салбарын дэлхийн болоод Монгол орны хэмжээнд тулгарч буй асуудлуудын талаар тодорхойлон ярив. Үүний дараа “Усаар хангагдах эрх”, “Ус, хүний эрх”, “Ус-хүн-байгаль орчин” сэдвүүдээр холбогдох албан тушаалтнууд илтгэл тавьж хэлэлцүүллээ.
“Хүний заавал эдэлж байх эрхийн нэг бол усаар хангагдах эрх юм. Иймд хүн бүр хангалттай хэмжээнд, аюулгүй, бие махбодийн хувьд хүртэх боломжтой усыг хүртээмжтэй байдлаар хувийн болон гэр бүлийнхээ хэрэгцээнд хэрэглэх эрхтэй” гэж хэлэлцүүлэгт оролцогчид дүгнэв.
“Ус-Хүний эрх” хэлэлцүүлгийн нээлтэд Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатарын хэлсэн үгийг хүргэж байна.
Та бүхэнд “Дэлхийн усны өдөр”-ийн мэндчилгээ хүргэн, амар амгаланг айлтгая.
НҮБ-аас “Дэлхийн усны 10 жил”-ийг 2005 онд зарлаж, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх талаар улс орнуудад уриалсан. Энэ уриалга санаачилгыг Монгол Улсын Засгийн газар талархан хүлээн авч, 2005 оноос хойш “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж, энэ өдөр салбарын тулгамдсан асуудлуудыг эрх баригчид болон олон нийтийн анхааралд хүргэх зорилгоор олон үйл ажиллагаа зохион байгуулдаг. Үүний нэг нь өнөөдрийн хэлэлцүүлэг болж байна.
Устай холбоотойгоор манай улсад тулгарч байгаа асуудлуудыг тодорхойлох, тэдгээрийг шийдвэрлэхэд шаардлагатай бодлого, стратеги, хууль эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтын тогтолцоог оновчтой шийдвэрлэх нь салбарын гол зорилтын нэг юм. Дэлхий нийтэд нүүрлээд байгаа уур амьсгалын өөрчлөлт манай орны усны нөөцөд мэдэгдэхүйц нөлөөлж, усны нөөц хомсдох, түүнээс улбаалсан цөлжилт хүрээгээ тэлэх, ургамлын нөмрөг багасах, газрын доройтол нэмэгдэх зэрэг олон хүндрэл дагуулж байна. Гэвч өнгөрсөн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнд усны харилцаанд эрх зүйн шинэчлэл хийх, ус ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, усны үнэ цэнийг нэмэгдүүлэх үйлсэд тодорхой дэвшил гарлаа.
Энэ жил дэлхий нийтээр Дэлхийн усны өдрийг “Ус-хүнсний аюулгүй байдал” уриан дор тэмдэглэж байна. Манай орны хувьд хот суурины хүн амыг стандартын шаардлага хангасан ундны усаар хангах ажлыг сайжруулахын тулд төрийн байгууллагууд, хувь хүн, иргэд их зүйл хийх шаардлагатайг амьдрал шаардаж байна.
Энд би ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай хэдэн чухал асуудлыг хөндөн хэлэхийг хүслээ.
- 1. Усны замбараагүй, хяналтгүй хэрэглээг халж, хэмнэлт хийх. Энэ бол салбарын нэн тэргүүний чухал асуудал болоод байна. Тоолуурын систем нэвтрүүлэхээс өмнө орон сууцанд амьдарч буй өрхийн хүн бүр 450 литр ус хэрэглэдэг байсан. Ийм хэмжээний ус хэрэглэдэг гэсэн тооцоо байгаа боловч ихэнх нь хүндээ хэрэглэгдэлгүй урсаж алга болдог байсан юм. Орон сууцанд амьдардаг хүн крантаа хаахгүйгээр нэг удаа шүдээ угаахад л 6-7 литр ус үргүй асгадаг гэсэн тооцоо байна. Иймээс усны хэрэглээг тоолууржуулсан, ингэснээр энэ хэмжээ 250 литр болж багассан сайн үр дүн гараад байгаа.
- 2. Усны тэгш бус хуваарилтыг халах. Улаанбаатар хотын оршин суугчдын гуравны хоёр нь гэр хороололд амьдарч байгааг хүн бүхэн мэднэ. Гэтэл нийслэлийн усны нийт хэрэглээний гуравхан хувь энэ хүмүүст ногдож байгаа юм. Тэгш бус хэрэглээ байгаа хэрэг л дээ. Ус хэрэглэсний төлбөрийн хувьд тэгш бус. Орон сууцанд амьдарч байгаа хүмүүс нэг литр усанд 40 мөнгө төлдөг бол гэр хорооллын иргэд 1 төгрөг төлдөг. Анхаарахгүй өнгөрүүлж болохгүй өөр нэг асуудал бол уул уурхай, аж үйлдвэрт хэрэглэж байгаа усны үнэ. Та бидний хэрэглэж байгаа уснаас ч хямд буюу 15 мөнгөөр үнэлэгдсэн байгаа юм. Энэ үйл ажиллагаандаа газрын гадаргын ус ашиглаж байгаа тохиолдолд 10 мөнгө төлж байх жишээтэй.
- 3. Усны нөөцөө зөв хуваарилах. Манай улсын усны бүх хэрэглээ газрын гүний, дахин нөхөгдөх боломжгүй цэвэр усаар хангагдаж байгаа. Гадаргын усыг байгаль дээрээс нь авч машинаа угаах, голын эрэг дээр хивсээ цэвэрлэх зэрэгт л ахуйн байдлаар ашиглаж байна гэхэд хилсдэхгүй байгаа. Гадаргын усыг аль болох олон салбарт ашиглах чиглэлд дэлхий нийт хандсан. Иймд бид хэрэглээний сэтгэлгээгээ өөрчлөхгүй бол маш богино хугацаанд шавхагдах нөөцөө цөлмөөд дуусгах аюултай байна.
- 4. Уул уурхайн ус ашиглалтад хатуу шаардлага тавих. Үйлдвэрлэлийн тухайд ярих асуудал бас бий. Оюутолгой, Тавантолгой зэрэг уул уурхайн томоохон төслийн усны хэрэгцээг одоохондоо гүний усаар хангаж байгаа билээ. Иймд боломжит нөөцийнхөө л хэмжээнд ашиглах зөвшөөрөл өгсөн байгаа. Нэгэнт зөвшөөрөл авчихсан юм чинь боломжит нөөцийг ашигласны дараа тухайн үед нэлээд ус ашиглах боломжоор тухайн үедээ хангагдана гэж бодож байгаа бол үүнийг хоосон мөрөөдөл гэдгийг одооноос хэлмээр байгаа юм. Иймд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх төлөвлөгөөг хөрөнгө оруулалтын бодлогодоо одооноос суулгаж ажиллахыг “Оюутолгой”, “Тавантолгой” компанийн төлөөлөгчидтэй уулзахдаа сануулсан. Говийн төслүүдийг гадаргын усаар хангахдаа усыг тухайн уурхайн нэгжүүдэд яаж хүргэх талаар л бид яриад байгаа юм. Цаашид тэр усаа хэрхэн дахин ашиглах талаар түлхүү ярих хэрэгтэй. Усыг сайн цэвэрлэж чадах юм бол хөдөө аж ахуйн зориулалтаар дахин ашиглах боломж бий гэдгийг байнга санах хэрэгтэй. Үүний зэрэгцээ уул уурхайн компаниуд гэр хорооллын иргэдийн төлж байгаагаас 6 дахин хямд үнэ төлж байгааг дээр дурьдсан. Сингапур улсын иргэд ахуйн хэрэглээнд 1 куб метр усанд 1.2 доллар төлдөг байхад аж үйлдвэрийнхэн нь 1.4 доллар төлдөг юм билээ. Айл өрхийн ахуйн хэрэглээний усыг цэвэрлэх зардал харьцангуй бага байдаг. Гэтэл үйлдвэр, аж ахуйн нэгжээс гарч байгаа бохир усыг цэвэрлэх зардал хамаагүй өндөр байна. Тийм ч учраас тэдгээрийн усанд төлдөг үнэ айл өрхийнхөөс өндөр байгаа байх. Иймд усны үнэ, өртгийн асуудлыг эргэж харах хэрэгтэй болж байгаа юм. Энэ талаар ойрын хугацаанд бодит ажил хийх хэрэгтэй.
- 5. Хуулийн хариуцлагыг чангатгах. Хуулийн хариуцлага маш хөнгөн байна. Арьс ширний үйлдвэрүүдэд цаашид хатуу шаардлага тавина. Төр хатуу, гэхдээ шударга хандах хэрэгтэй. Энэ асуудлыг хөндөж ярихдаа төр ногоон зээлийн шугам бий болгох талаар миний бие саяхан болж өнгөрсөн Монголын эдийн засгийн чуулган дээр гаргаж тавьсан.
Хэмнэлттэй технологи нэвтрүүлэхийг үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудад шаардах, ингээд зогсохгүй хэрэглэсэн усаа эргүүлэн ашиглахыг хөхиүлэн дэмждэг байх нь цаашдын бодлогын нэг чиглэл байх ёстой. Марсельд болсон Дэлхийн усны форум дээр улс орнууд мөн л энэ асуудлаар сэтгэлгээний өөрчлөлт хийх тухай ярьсан. Үйлдвэрүүд ашигласан усаа цэвэрлэн хэд дахин ашигласны дараа хөдөө аж ахуйн хэрэгцээндээ эргүүлэн ашигладаг талаараа ч зарим орон танилцуулга хийж байна билээ.
Өнөөдрийг хүртэл бид “Ус” үндэсний хөтөлбөрөөс эхлээд усны салбарт тусгайлсан олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Цаашид дахин дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна.
Эцэст нь онцлоход, шударга бус хуваарилалтын тогтолцоог өөрчилж байж л хүний эрхийг хангах нөхцөл бүрдэнэ. Иймд усны бодлогыг өөрчлөх үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг өнөөгийн нийгэм, эдийн засаг биднээс шаардаж байна. Усны салбарын өнөө, ирээдүйн төлөө ажиллаж буй манай салбарынхан, энд цугласан Та бүхэн бодлогын энэ өөрчлөлтийг хийхэд манлайлан оролцогчид байх ёстойг төгсгөлд нь хэлье.
“Ус-Хүний эрх” хэлэлцүүлгээс олон чухал санаа, санаачилга гарч, үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт итгэж байна.
2012 оны 3-р сарын 22.