Афганистаны зэргэлдээ хоёр тосгонд 16 энгийн иргэнийг буудаж хөнөөсөн америк түрүүчийг 17 аллага, зэвсэгт халдлагад буруутган, ял оноох гэж буй талаар тус улсын албаны хүн мэдээлжээ. Ялыг өнөөдөр буюу баасан гаригт оноохоор төлөвлөжээ. Гэвч 16 хүнийг хөнөөсөн хэргийн сэжигтэнд 17 төрлийн ял оноох болсныг тайлбарлаагүй гэнэ. Түрүүч Роберт Бейлсийн өмгөөлөгч ялын төлөвлөгөөг сонсохоос нааш хэргийн талаар мэдэгдэл хийхээс татгалзаж, хэлэх зүйл байхгүй гэж мэдэгдсэн байна. Америкийн цэргийн шүүхийн шинжээчдийн баталж буйгаар түрүүч Роберт Бейлс Афганистаны Кандагар мужийн Панжвай дүүрэгт гарсан дээрх хэргийг ганцаараа үйлдсэн аж. Түрүүч Роберт Бейлсийг Канзас дахь цэргийн шоронд хорьж, байцааж байгаа юм. Афганистаны тал америк түрүүчийг тус улсын талд шилжүүлэхийг шаардаж, өөрсдийн шүүхээр шүүнэ гэсэн боловч хэргийг АНУ-ын цэргийн шүүхээр шүүх болсон юм.
Н.Энх