Пакистан улсын “Рафи Пир” театрт өнгөрсөн лхагва гаригт олон улсын хүүхэлдэйн жүжгийн ес дэх удаагийн наадам эхэллээ. Үндэсний онцлог бүхий хүүхэлдэйгээр улс орнууд өвөрмөц тоглолтуудыг үзүүлдгээрээ тун сонирхолтой наадам ажээ.
Энэ удаагийн наадамд Герман, Франц, Норвеги, Энэтхэг, Ираны уран бүтээлчид оролцож байна. Өнгө өнгийн гоёмсог хувцастай хүүхэлдэйн жагсаалаар наадам эхэлжээ. “Рафи Пир” театр 35 жилийн түүхтэй бөгөөд дэлхийн 20 гаруй оронд хүүхэлдэйн жүжгээ тоглож байсан гэнэ. Тэд 2004 онд дэргэдээ хүүхэлдэйн музей нээсэн байна.
Гадаадын оролцогчдоос хамгийн сонирхол татаж байгаа нь Францын “Сүүдрийн театр” хэмээн хэвлэлүүд бичжээ. Энэ театрын уран бүтээлчид зөвхөн гэрэл сүүдэр ашиглан өөрсдийн жүжгээ тоглодог юм байна.