Хятадын Коммунист нам дотроо хагаралдав уу?

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

Хятадын Коммунист нам дотроо хагаралдав уу?

Бээжинд энэ сарын 20-нд төрийн эргэлт хийхээр завдсан тухай “The Epoch Times” мэдээлжээ. Гэвч энэ мэдээллийн үнэн, худал нь батлагдаж амжаагүй байхад Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жон Юнкан баривчлагдсан тухай зарим эх сурвалжууд мэдээлж эхэлсэн байна. Төв хорооны улс төр, хуулийн хороо нь цагдаа, арми, шүүх, прокурор зэрэг хуулийн хэрэгжилтийг хянадаг Хятадын Коммунист намын хүчирхэг аппарат юм.

Өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсад айлчилж байсан Жоу Юнкан 2007 онд Хятадын Төв хорооны улс төр, хуулийн хорооны даргаар томилогдож байжээ. “Синьхуа” агентлаг Төв хорооны улс төр, хуулийн хороо “Үндэсний зөвлөлгөөн” зарласныг энэ сарын 21-нд буюу хоёр хоногийн өмнө мэдээлсэн аж. Ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр эхлэх “Үндэсний  зөвлөлгөөн”-д нийт үндэстний 3,300 гаруй төлөөлөгч оролцох ёстой юм. Дээрх мэдэгдлийг  Хятадын Коммунист намын сайт болох “People’s Daily Online”-д  Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жон Юнканы нэрээр гаргасан ч дээрх мэдэгдэлтэй холбоотой өөр хачирхалтай мэдээлэл ч нийтлэгдсэн байна.

Зарим эх сурвалжууд Жоу Юнкан энэ сарын 19-нд Төв хорооны улс төр, хуулийн хорооны бүх нийтийн хурал дээр “Үндэсний зөвлөлгөөн”-ий талаар огт дурьдаагүй хэмээн мэдээлж байгаа аж. Тэнд “Үндэсний зөвлөлгөөн” болох тухай Жоу Юнкан өөрөө мэдэгдэл хийгээгүй, харин Коммунист намын тэргүүн Ху Жинтао гаргасан гэжээ. “Үндэсний зөвлөлгөөн” гэдэг нь үнэн хэрэгтээ Хятадын Коммунист намын үзэл сурталд хувь нэмрээ оруулахХу Жинтаогийн шинжлэх ухааны хөгжлийн онол хэмээн үзэх хүмүүс олон байгаа бололтой.

Хамгийн гол нь “Үндэсний зөвлөлгөөн”-тэй холбоотой дээрх зөрүүтэй мэдэгдлүүд Хятадын интернэт хэрэглэгчдийн дунд Бээжингийн эрх баригчид зөрчилдөж эхэлсэн гэдэг таамаг дэвшүүлэхэд хүргээд байгаа юм. Жоу Юнканыг баривчилсан нь Хятадын Чончин хотын Коммунист намын дарга Бо Силайг огцруулсан хэрэгтэй холбоотой гэх таамаг олны дунд байгаа ажээ. “The Epoch Times”-ийн мэдээлснээр Жоу Юнкан, Бо Силай нар Хятадын Коммунист намын дарга асан Зянь Земиний улс төрийн фракцийн гол гишүүд гэнэ. Зянь Земин төрийн эрх Ху Жинтао, Вен Зябао нарт шилжсэнээс хойш тэдэнтэй тэмцэлдэх болсон юм.  Энэ сарын эхээр Жоу Юнканы залгамжлагч гэгдэж байсан Чончин хотын Коммунист намын дарга Бо Силайг албан тушаалаас нь огцруулж, гэрийн хорионд оруулсан нь Хятадын Коммунист нам доторх үзэл суртлын зөрчил хурцадсаныг харуулж байгаа явдал болсон гэж хэвлэлүүд бичиж байна. Юутай ч Хятадын блогчид Жоу Юнканыг Бо Силайгийн хувь тавиланг давтана хэмээн бичиж эхэлжээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж