Буудалцаан болохоос өмнө цагдаа нар сэжигтэнтэй олон цагийн турш ярилцсан байна. Мера өөрийгөө исламистуудтай холбоотой бөгөөд Аль-Каедагийн цэргийн лагерьт бэлтгэл хийхийн тулд Афганистан болон Пакистанд очиж байсан гэжээ. Афганистанд байх үедээ Мера америк цэргүүдэд олзлогдож байсан гэж албаны хүмүүс хэлсэн байна. Харин хэзээ, яагаад олзлогдож байсан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм. Мохаммед Мерагийн хөрш 18 настай залуу сэтгүүлчдэд ярихдаа сэжигтэн ердөө ч гэмтэн шиг харагддаггүй байсан. Байшинд амьдарч байсан хүмүүст тэрээр аятайхан сэтгэгдэл төрүүлдэг байсан гэжээ.
Түүний нэр АНУ-д орох эрхгүй хүмүүсийн нэрсийн жагсаалтад бичигдсэн байсан талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Алжир гаралтай Францын иргэн 23 настай Мохаммед Мера юуны учир АНУ-д орох эрхгүй хүмүүсийн нэрсийн жагсаалтад бичигдсэн талаар албаны хүмүүс одоогоор тайлбар өгөөгүй байна.