-Өдрийн мэнд, таны талаар их эвгүй мэдээлэл интернэтээр тархаад байна. Та сонссон уу?
-Намайг нас барсан гэж үү? Анх сонсоод инээд хүрээд байсан л даа. Би өөрөө амьд, сэрүүн явж байгаа биз дээ. Тэгсэн өглөөнөөс хойш л телевиз, радио, сонин хэвлэлээс залгаад л… Гадуур чинь Гамбуушийн утас хэд вэ, Гамбуушийн утас хэд вэ, болчихсон юм биш үү? Миний харилцаатай байдаг хэд, хэдэн сэтгүүлчид “таныг нас барсан гээд бичсэн байна” гээд хэлсэн. Би чинь мөнхөрчих юм байна.
-Тайланд явж, мэс засал хийлгэж байгаад нас барсан гэж байна лээ. Та Тайланд яваагүй юм уу?
-Би Тайланд яваагүй ш дээ. Юу яриад байгаа юм бэ. Хамгийн гол нь наана нь янз бүрийн эмчилгээ, шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Эхо, сүрьеэ, дох гээд л бүх шинжилгээг хийлгэсэн байх ёстой. Тэгсэн сүүлийн үед миний гэдэс томроод байгаа. Гэдэс гэнэт томроод байгаа болохоор ямар нэг үр дагавартай өвчин байж магадгүй гэж бодоод, Монголдоо эмчилгээ хийлгээд явахгүй бол Тайландад очоод доллараар эмчлүүлэх болно биз дээ. Биеийн бүх хэсэг эрүүл байж мэс засал хийлгэнэ. Яахав намайг “Марк О Поло” зочид буудлаас гараад өөр буудалд очсон болохоор нас барсан гэж бодож байгаа юм байлгүй дээ.
-Таныг саяхан байр худалдаж авсан гээд мэдээлэл гараад байсан?
-Өчигдөр орой нэг телевизээр Худалдаа хөгжлийн банкны хажууд гурван давхар хаалгатай байр худалдаж авсан гэнэ ээ. Хамгийн инээдтэй нь гадна талын хаалга нь бүргэд, дотор нь цагаан төмөр хаалга, бүүр дотор талынх нь модон хаалгатай гэдгийн. Тэгээд одоо эрчүүд Гамбууштай уулзахдаа гурван давхар хаалга нэвтэрч ордог гээд ярьж байна. Би бол буудалдаа л байгаа ш дээ. Гэхдээ яахав амны билгээс ашдын билэг биз дээ. Намайг хүмүүс баян гэж бодоод байдаг. Би тийм баян биш ш дээ.
-Та эмчилгээ хийлгэж байгаа юу?
-Гэдэс томроод байгаа болохоор чинь Монголдоо эмчилгээ хийлгээд явахгүй бол Тайланд очоод доллараар хийлгэх байх гэж бодоод байна. Хүмүүс элэг, хэвлийн хөндийн хавдар байж магадгүй гээд байхаар нь шинжилгээ хийлгээд одоо эмчилгээгээ хийлгэж байгаа ш дээ.
-Та одоо ч гялалзсан, цоглог харагдаж байна. Үргэлж л ийм байх юм аа?
-Бүжгийнх юм чинь аргагүй ш дээ. Сприптиз бүжгийн талаар би аягүй гоё юм олж уншсан. Германы эрдэмтэн Карен Бизерби туршилт хийгээд бааранд ордог эрчүүд, бааранд ордоггүй эрчүүдийн дунд судалгаа явуулсан чинь шал өөр байна гэнэ. Нас уртгасгадаг гэж байна. Би чинь иймэрхүү хэрэгтэй гоё мэдээллийг цуглуулдаг ш дээ.
-Нээрээ таны нэг ярилцлага дээр 15 жил гэрийн хоол идээгүй гэж байсан. Дандаа л гадуур хоололдог гэсэн үү?
-Би мах авчихсан яваа. Одоо бол байнга гэртээ хоол хийж, идэж байгаа ш дээ. Би өмнө нь “Марк О Поло” буудалд байсан. Их тухтай, дураараа, чөлөөтэй, сайхан амьдарч байсан. Танайхаар дамжуулаад талархал илэрхийлье. Нээрээ намайг амьд байгааг 91618946 гэсэн миний утсаар яриад мэдэж болно шүү.