Бусад хичээлүүдтэй харьцуулахад арай гайгүй мэддэг юм гэсэндээ Англи хэлний хичээлийн шалгалтыг, надад таарсан нь юм болохоор "С" вариантыг нь, толь бичиг, нэвтэрхий толиуд барьж байгаад нягталж үзэх гэж оролдов. Үүний үндсэн дээр долоон зүйлийн, нийт 22 онооны (шалгалт нь нийт 100 оноотой) жинтэй даалгаврыг алдаатай буюу зохимжгүй гэж үзэж болохоор байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм.
Эдгээрээс хамгийн ноцтой алдаа нь шалгалтын сүүлийн ажил буюу жил бүр уламжлал болон ирдэг "графиктай" даалгавар дээр байна. Энд хүүхдүүд график дээрх мэдээлэлтэй танилцаад доор нь байгаа асуултуудад хариулах ёстой байдаг. Харамсалтай нь шалгалтыг зохиогч эрдэмтэн мэргэд маань шалгалтаа хар цагаан принтэрээр хэвлэдгээ мартсан бололтой юм. График дээрх бүх өгөгдлүүд нэг ижил саарал өнгөөр хэвлэгдчихсэн учраас энэхүү 10 онооны үнэ цэнэтэй чухал даалгавар ёстой л нэг "будаа" болж байна. Гэхдээ хүүхдүүд бид бас мөчөөгөө шууд өгсөнгүй; өгөгдсөн асуултууд, боломжит хариултуудыг нь ашиглан өнгөгүй графикаас өнгө гаргаж ирэхэд оюунаа дайчилсан. Бас бүтдэггүй шүү, яаж ч бодсон л зарим асуулт нь саарал графиктай таараад зарим нь таарахгүй байна. Эцэст нь шалгалт зохиогчдын бодлыг унших гэж оролдоод даалгаврыг орхив.
Ийнхүү шалгалт зохиогчдод итгэл алдарсан би шалгалтын бусад даалгавруудад хатуу сэтгэлээр хандаж, хөөрхийсүүд рүү хүйтэн харц хаялах боллоо. Бас болоогүй байжээ, энд тэндээс царай муутай алдаанууд, хоёр хариутай, эсвэл огт зөв хариугүй тахир дутуу асуултууд ярзайж байна. Эдгээрт хариулахдаа бас бүтээсэн хүмүүстэй нь телепатик аргаар холбогдох гэж оролдоод хариултын хуудсан дээрээ алсаас тархинд минь ирсэн хариугаа "буудаж" будаж тавилаа.
Англи хэлний "С" вариантаар Англи хэлний мэдлэгээ (бас шалгалт зохиогчдын бодлыг унших чадвараа) шалгуулсан миний сэтгэгдэл нэг ийм байна. Алдаатай гэж үзсэн асуултуудаа би нотолгоо, баримт юутай нь бүрдүүлээд БҮТ-д өгсөн байгаа. Миний бүрдүүлж өгсөн өргөдөлөрхүү гомдолтой танилцмаар байвал энд дараад татаад авч болно. БҮТ гомдолд минь хэр хурдан хариулахаас шалтгаалаад энэ блог дээрээ асуудал хэрхэн шийдэгдэж байгаа талаар аль болохоор хурдан бичих болно.
PS. Өөр бусад хичээлийн материалууд дээр алдаа олсондоо өөртөө бүрэн итгэлтэй байгаа бол багш нартайгаа зөвлөлдөж байгаад гомдол бичээрэй. Элсэлтийн энэ шалгалтуудаас олон мянган хүүхдийн хувь заяа хамаарч байгаа билээ.