Монгол, Хятадын төв банк “валют солилцоо”-гоо нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

Монгол, Хятадын төв банк “валют солилцоо”-гоо нэмэгдүүлнэ

Монгол, Хятадын төв банк энэ сарын 20-ны өдөр валют солилцооны буюу своп хэлцлийн хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлэх гэрээг үзэглэжээ. Хоёр улсын мөнгөн тэмдэгтийг солилцох своп хэлцлийг өмнө нь 5 тэрбум юань, 1 их наяд төгрөг байхаар талууд өнгөрсөн онд гэрээ байгуулаад байсан юм. Харин энэхүү нэмэлт гэрээг байгуулснаар своп хэлцлийн хэмжээ 5 тэрбум юаниас 10 тэрбум юань, 1 их наяд төгрөгөөс 2 их наяд төгрөг болж нэмэгдэж байна. 

Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох гэрээнд манай талаас Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, харилцагч талаас Хятадын Ардын банкны Ерөнхийлөч Жоу Шиао Чуан нар Бээжин хотноо гарын үсэг зуржээ.

Ийнхүү своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх нь хоёр улсын төв банкны хоорондын хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд чухал төдийгүй улс хоорондын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүс нутгийн санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах зэрэг эерэг нөлөөтэйг хоёр тал мэдэгджээ.

Хятадын хувьд 2008 оны сүүлээс хойш нийтдээ 1.3 их наяд юанийн своп хэлцлийн гэрээг 16 улс оронтой хийжээ. Манай улсын хувьд тус улсаас авч буй Засгийн газрын зээлийн хэмжээ сүүлийн үед тун хурдацтайгаар нэмэгдэж байна.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж