“Төрийн мэдээлэл“-ийн 11 дугаарын тойм

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл“-ийн 11 дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар батлагдсан хууль, тогтоолыг нийтэллээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулиар шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх зарчим, баталгаа, шүүхийн тогтолцоо, хяналтын шатны болон давж заалдах, анхан  шатны шүүхийн бүрэн эрхийг тодорхой зохицуулсан байна. Дээрх хууль батлагдсантай холбогдуулан зарим хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийн бүрэн эрх, хараат бус байдал, түүний баталгаа зэрэг шүүгчийн эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг зохицуулжээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд хуулийн үйлчлэх хүрээ, хуульчийн мэргэжлийн ерөнхий үүрэг, үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг тусгасны зэрэгцээ хуульчийн мэргэжлийн шалгалтыг болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хэрхэн авахыг нарийн хуульчилж өгсөн байна. Мөн хуульд хуульчийн эрх, үүрэг, хариуцлагын тогтолцоог тодорхойлж, өмгөөллийн үйлчилгээг хэрхэн үзүүлэх, хуульчдын холбооны чиг үүрэг түүний Их хурлын бүрэн эрх, мэргэжлийн хариуцлагын хороо түүний ажиллах журмыг тодорхой тусгажээ. Энэ хууль батлагдсанаар Өмгөөллийн тухай хууль, Хуульч сонгон шалгаруулах тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан байна.

Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг тус тус нийтэллээ. Мөн дугаарт нийтэлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд  “2012 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс” гэснийг “2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс” гэсэн өөрчлөлт оруулсан байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг эмхэтгэлд нийтэллээ.

 Түүнээс гадна Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Ерөнхийлөгчийн хоригийн тухай Улсын Их Хурлын тогтоолуудыг тус тус нийтэлээ.

“Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн редакци      
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж