“Их дуулга”-ын долоон түрүүт, Сидней болон Бээжингийн олимпийн хосын төрөлд аваргалж байсан, цагтаа /2002 онд/ WTA-ын чансааны тэргүүнд бичигдэж байсан, АНУ-ын нэрт теннисчин Венус Уильямс теннисний талбайдаа эргэн ирлээ. Өнгөрсөн жилийн есдүгээр сард болсон Америкийн нээлттэй тэмцээнийг гэмтлийн улмаас орхисноос хойш тэмцээн, уралдаанд оролцоогүй байсан тэрбээр энэ сарын 19-нд эхэлсэн Sony Ericsson Open тэмцээнд хүч сорьж байна. Нарлаг Майамид болж буй тус тэмцээний эхний тойрогт Венус Уильямс дэлхийн чансааны 78 дугаарт эрэмбэлэгдсэн, Японы теннисчин Кимко Датэг 6:0, 6:3-аар буулган авчээ. Тэмцээнд цагаан хуудсаар оролцож байгаа Уильямс дэлхийн чансааны 133-т эрэмбэлэгдэж байгаа бөгөөд дараагийн тойрогт өнгөрсөн жилийн “Уимбльдон”-ы аварга, дэлхийн чансааны гуравдугаарт эрэмбэтэй Чехийн Петро Квитоватай оноолт таарсан байна. Тэрбээр өмнө нь 1998, 1999 болон 2001 онд дээрх тэмцээнд түрүүлж байсан бөгөөд 2010 оны шигшээд шалгарч байсан юм.
Нэр хүнд, чансаа өндөр Sony Ericsson Open тэмцээний шагналын сан 4,8 сая ам.доллар бөгөөд түрүүлсэн тамирчин 712 мянган ам.доллар хүртэж, чансаагаа 1000 оноогоор ахиулах боломжтой юм. Тэмцээний аваргууд дөрөвдүгээр сарын 1-нд тодорно.
"Венус Уильямс" -ын зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү
Ч.БОЛОР