Нөөцийн махны үнэ 4100-5500 төгрөг боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

Нөөцийн махны үнэ 4100-5500 төгрөг боллоо

Төсвөөс 40 гаруй тэрбум төгрөг гаргаж нийслэлийн хэмжээнд 12 мянган тонн нөөцийн мах бэлтгэж, шинэ он гарсны дараа зах зээлд нийлүүлсэн. Бэлтгэж нийлүүлсэн нөөцийн мах талдаа орж, дуусах дөхсөн учир аймаг бүрээс дахин мах бэлтгэхээр болж, үнийг нь өөрчлөх эсэхийг хэлэлцсэний эцэст нэмэх шийдвэр гаргалаа.

Нөөцийн мах 1800 төгрөгөөр нэмэгдэв

Холбогдох албаныхны шийдвэр­лэснээр ямааны мах 4100 төгрөг, үхрийн мах 5500 төгрөг, хонины махыг 5100 төгрөгөө зарахаар болжээ. Мах худалдаалж буй компаниудын хооронд үнийн зөрүү их байсан учраас ийнхүү нэмэх шийдвэрт хүрчээ. Оны эхэнд гарсан шийдвэрийн дагуу нөөцийн махыг 2600-3700 төгрөгөөр худалдаалж байсан. Гэвч нөөцийн мах бэлтгэгч компаниуд алдагдал хүлээж байгаагаас болоод ийнхүү үнээ нэмэх болсон байна. Нөөцийн мах бэлтгэж байгаа компаниуд 12 мянган тонн мах бэлтгэхэд 45-50 тэрбум төгрөг зарцуулдаг. Махыг ингэж жижиглэнгээр бэлтгэхэд зардал маш их гардаг байна. Тухайлбал, ямааны нэг килограмм мах бэлтгэхэд бүх зардал нь 3729 төгрөг зарцуулдаг гэнэ. Гэтэл зах зээлд нийлүүлсэн махыг 3200 төгрөгөөр зарж байгаагаас болоод компаниуд алдагдал хүлээдэг гэлээ. Гэсэн хэдий ч нөөцийн мах бэлтгэж байгаа компаниудад нэг килограмм болгонд 500 төгрөгийн урамшуулал олгодог. Нийт бэлтгэсэн 12 мянган тонн махаар бодож үзвэл мах нийлүүлсэн 22 компанид зургаан тэрбум төгрөгийн урамшууллыг төрөөс олгожээ. Зарим нэг компаниуд төрөөс өгдөг урамшуулал цагтаа орж ирдэггүй гэж хэлж байлаа.

18 аймгаас мах бэлтгэж байна

Одоогийн байдлаар 18 аймгаас мах нийлүүлж буй ажээ. “Аймгуудаас 17 мянган тонн мах авчраад байна. Мах нийлүүлэх явцад ямар нэгэн асуудал гараагүй” гэж нийслэлийн Захирагчийн ажлын албаны хүнсний хангалт хариуцсан мэргэжилтэн О.Уянга ярьж байсан юм. Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорхой аймгууд мах нийлүүлэхээ больж байгаа тухай мэдээлж байсан билээ. Харин үүнийг “Тийм юм ерөөсөө байхгүй. Ташаа мэдээлэл байна. Ямар ч үндэслэлгүй. Мах нийлүүлэхэд одоогийн байдлаар ямар нэгэн саад учраагүй” гэж О.Уянга үгүйсгэлээ.

Махны дотоодын хэрэгцээг хангаж чадахгүйд хүрнэ

“Бид хэдэн жилийн дараа махны хэрэгцээгээ хангаж чадахгүй байдал ажиглагдаж байгаа Монголчуудын махны хэрэглээ жил ирэх бүр 3000 тонноор нэмэгддэг” гэж “Мах маркет” компанийн ерөнхий захирал Т.Содномдаржаа ярьж байсан юм. Нийслэлчүүдийн махны хэрэгцээ гурван жилийн өмнө 120-300 тонн байсан бол өнөөдөр  200-300 тонн болтлоо өсчээ. Нийслэлийн хүн ам өдөрт дунджаар 300 тонн мах хэрэглэдэг бөгөөд жилдээ 9029 тонн хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Холбогдох албаны хүмүүсийн мэдээлж буйгаар нийслэлд тараасан 12 мянган тонн нөөцийн мах хүн амын жилийн хэрэгцээний 10 хувь. Гэвч нөөцийн махыг хэрхэн бэлтгэж, яг ямар байдлаар иргэдэд тарааж байгааг мэдэх боломж одоогоор байхгүй. Хэдэн жилийн дараа нөөцийн махны хэрэглээ нэмэгдэх учраас өмнөх шигээ нөөцийн мах бэлтгэх үү гэдгийг эргэж харах хэрэгтэй болохыг мэргэжилтнүүд сануулж байлаа. “Ер нь махны хэрэглээ нэмэгддэг учраас нөөцийн махны асуудлыг дахин авч үзэх хэрэгтэй. Хэрэгцээ нэмэгдэх тусам нөөцийн махыг бэлтгэхэд улам хүндрэлтэй болно” гэж Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирал Б.Дамдинсүрэн ярилаа.

Үйлдвэрийн болон гар аргаар бэлтгэсэн маханд нян ихээр илэрч байна

Мал эмнэлгийн эрдэм шинжил­гээ­ний хүрээлэнгийн хийсэн судал­гаагаар хүнсний захад худалдаалж байгаа махны нянгийн бохирдолт үйлдвэрийн дамжлагаас авсан дээжийнхээс 52 дахин их байжээ. “Бидний судалгаагаар үйлдвэрийн дамжлагаас авсан махны нянгийн бохирдолт 1г-д 15,0х10-3 , хүнсний захаас авсан махны дээжнийх 8,7х10-5, эцсийн бүтээгдэхүүний нянгийн бохирдолт 15,0х 10-3- 5,8х10-5  байна” гэж Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор С.Лхагвасүрэн хэлж байсан юм. Улсын мэргэжлийн хяналтын газрын төв лабораторид хийсэн судалгаагаар мах, махан бүтээгдэхүүний 25,5 хувь нь зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү нянгаар бохирдож гэдэсний халдварт өвчин нийт өвчлөлийн 30 хувийг эзэлж байгааг тогтоожээ.

Бэлтгэгч компаниудад шалгалт хийхээр болжээ

Нөөцийн мах бэлтгэж байгаа 22 компанид нийслэлийн Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө, аж ахуйн яам хамтран шалгалт хийж эхлэв. Хэрвээ шалгалтын явцад ямар нэгэн зөрчил илэрвэл мах бэлтгэх эрхийг нь хасах аж. Дугаар шилжих мөчид шалгалтыг үргэлжлүүлж байсан бөгөөд тодорхой мэдээлэл өгсөнгүй. Тиймээс энэ талаар эргэн мэдээлэх болно.

Б.Болорсүх


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж