Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо өнгөрөгч онд байгуулагдаж, агаарын бохирдлыг жилийн дотор 40 хувь хүртэл бууруулах төлөвлөгөөтэй ажилласан билээ. Өвлийн хамгийн хүйтэн, утаа ихтэй гурван сарын хугацаанд утааг бууруулах зорилгоор утаа бага ялгаруулдаг зуух, түлш, гэрийн бүрээс, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнүүдийг худалдаанд гаргаж, хязгаарлалтын бүс тогтоосноор агаарын бохирдлыг бууруулахаар тооцсон. Энэ хугацаанд Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийн хүрээнд утаагүй зуух 60 мянга 842 ширхэг, 16 мянга 626 ширхэг гэрийн бүрээс, 4442 ширхэг гонх зэрэг нийт 81 мянга 829 ширхэг эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг гэр хорооллын иргэдэд хөнгөлөлттэй үнээр борлуулжээ. Нийт борлуулах ёстой бүтээгдэхүүнийхээ 87 хувийг борлуулсан байна. Дулааны улирал эхэлсэн учраас энэ сарын 7-оос эхлэн утаа бууруулах бүтээгдэхүүн борлуулж байсан цэгүүдийг хааж, үйл ажиллагааг нь зогсоожээ.
Агаарын бохирдол бууруулахад хувь нэмрээ оруулж буй айл өрхийг өнгөрсөн өвлөөс цахилгааны үнийн хөнгөлөлтөд хамруулж эхлээд байгаа. Тухайн айл өрх гэрээ дулаалж, утаа бууруулах зуух хэрэглэж, хувь нэмрээ оруулж байгаа учраас. Цахилгааны үнийн хөнгөлөлт, урамшууллыг өнгөрөгч арванхоёрдугаар сарын 01-ны өдрөөс олгож эхэлсэн байна. Энэ сарын байдлаар 18 мянга орчим айл өрх гэрээ байгуулж, үнийн хөнгөлөлт эдэлжээ. Уг нь 61 мянга орчим хэрэглэгч хямдралтай үнийн тарифаар цахилгаан хэрэглэх ёстой ч гэрээний нөхцөл хангаагүйгээс хөнгөлөлтөд хамрагдаж чадаагүй гэж албаныхан хэлж байна. Харин Үндэсний хороог удирдаж буй ЕТГ-ын дарга Д.Баттулга иргэдэд цахилгааны хөнгөлөлт эдлүүлэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа. Тэрээр “Гэрээ дулаалсан, утааг бууруулахад хувь нэмрээ оруулсан байхад яагаад “гэрээний нөхцөл хангахгүй” гэсэн тайлбар тавиад, хөнгөлөлт олгохгүй байгаа юм бэ. Цахилгааны үнийг хөнгөлөх үүднээс Засгийн газар Эрчим хүчний удирдах газарт олгох ёстой мөнгийг нь олгосон байхад ажилдаа хариуцлагагүй хандсан байна” гээд асуудлыг холбогдох хүмүүс нь яаралтай шалгаж, шийдвэрлэх үүрэг өгсөн юм.
Одоогийн байдлаар нийт 216 сая 924 мянга 360 төгрөгийн цахилгааны үнийн урамшууллыг айл өрхүүдэд олгожээ. Харин УБЦТС ХК нь 2011-2012 онд цахилгааны үнийн урамшуулал олгох ажлыг хэрэгжүүлэхээр улсын төсвөөс 2,5 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан юм байна.
Зуух болон бусад бүтээгдэхүүний борлуулалт муу байсан тул худалдан авах чадваргүй, бага орлоготой иргэдийн судалгааг гаргаж, агаарын бохирдол бууруулах бүтээгдэхүүнийг үнэ төлбөргүй олгохоор болсон байна. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүсэд амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой, эмзэг бүлгийн 8372 айл өрх байдаг юм байна. Эдгээр айл өрхөд Монголын Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар төсөл”-өөс худалдан борлуулж буй эрчим хүчний хэмнэлттэй, сайжруулсан зуухыг үнэ төлбөргүй олгох төлөвлөгөө гаргасан гэдгээ Үндэсний хорооныхонд нийслэлийн Агаарын чанарын алба танилцуулсан юм. Энэ асуудлыг Үндэсний хороогоор хэлэлцсэн ч эмзэг бүлгийн иргэдэд үнэгүй тараахыг дэмжсэнгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хот, хөдөөгийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр энэ тухай “Утаа бага гаргадаг зуух, эрчим хүчний хямдралтай бүтээгдэхүүнийг хямд үнээр борлуулж байгаа. Агаарын бохирдлыг бууруулах асуудал дээр эмзэг бүлэг тодорхойлоод байх шаардлагаггүй. Нэг өрхийн хувьд 20 мянган төгрөг гэдэг тийм ч их мөнгө биш. Тиймээс зарах ёстой үнээрээ хязгаарлалтын бүсэд байгаа өрхүүдэд борлуулах нь зүйтэй. Энэ жилийн борлуулалт дууссан. Ирэх жил ч гэсэн эдгээр бүтээгдэхүүнүүдийг үнэгүй борлуулах шаардлага байхгүй” гэлээ.
“ДЦС–2” ТӨХК-ийг түшиглэн байгуулж байгаа хагас коксон түлшний үйлдвэрийн цогцолборын ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай байгаа бөгөөд энэ жил ашиглалтад оруулахдаа юм байна. Анх энэ үйлдвэр жилд 200 орчим мянган тонн хагас коксон түлш үйлдвэрлэнэ гэж байсан ч харин одоо жилд 19 мянган тонныг л нийлүүлж байгаа аж. Гэтэл нийслэлийн хэрэгцээнд хагас коксон түлш нь 100 гаруй мянган тонноос илүү хэрэгтэй байгаа учраас ОХУ, БНХАУ-аас түлш нийлүүлэх ажлыг судалж байгаа аж. Үндэсний хорооны ажлын албаны дарга Р.Мягмар “Хэрэв энэ үйлдвэр нь нийслэлчүүдийн хэрэгцээнд хүрэлцэхүйц түлш нийлүүлж чадахгүй бол бид хоёр хөршөөсөө түлш нийлүүлэхээс өөр арга байхгүй. Манай ажлын хэсгийнхэн үүнийг судалж байгаа. Үйлдвэр хүчин чадлаараа ажиллаж эхлэхээр 19 тонноос илүүг ч нийлүүлэх боломжтой гэж байгаа. Тиймээс сайн судалж байж гаднаас хэр хэмжээний түлш худалдаж авахаа шийдвэрлэнэ” гэлээ.
Хязгаарлалтын бүсийн айл өрхүүдэд зөвхөн боловсруулсан түлш, үртсэн шахмал түлш, хагас коксон бүтээгдэхүүн нийлүүлэх ёстой. Эдгээр бүтээгдэхүүнийг нийлүүлэх ёстой үйлдвэрүүд нь хангалтгүй нийлүүлсэн учраас иргэдэд түлш тараах ажил хугацаанаасаа хожимдож байсныг албаныхан дуулгалаа. Түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүсэд энэ сарын 17-ны байдлаар 3973 тонн үртсэн шахмал, 3382 тонн хагас коксон буюу нийт 7354 тонн боловсруулсан түлш нийлүүлcэн байна. Боловсруулсан түлш үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн гэрээний биелэлт хангалтгүй буюу 16 хувьтай байжээ. Ирэх жил нийлүүлэх бүтээгдэхүүнийг сонгохдоо гэрээ байгуулж, гэрээний дагуу ажиллаагүй бол нийлүүлэлтийг цуцлах зэргээр нийлүүлэлтэд өндөр хяналт тавьж ажиллахыг санууллаа. Мөн нийслэлийн Халамж үйлчилгээний газартай хамтран түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүсийн нэн ядуу 157 айл өрхөд боловсруулсан түлшийг үнэ төлбөргүй тараажээ.
Төлөвлөгөөний дагуу бол “Цэвэр агаар сан”-гаас их багтаамжийн 400 автобусанд хийн түлшний тоног төхөөрөмж суурилуулж, угсрах ажилд 3.5 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл ЗТБХБЯ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, сонгон шалгарсан компани тоног төхөөрөмж суурилуулах ажлыг эхлүүлсэн ч одоогоор 13 автобусанд л төхөөрөмж суурилуулсан байна. Тодорхой үр дүнд хүрээгүй, цаг хугацаа алдсаны шалтгаан нь нийслэлийн Нийтийн тээврийн газраас “Аюулгүй ажиллагааны шаардлага, стандартыг хариуцах эзэн байхгүй” гэсэн шалтгаанаар автобусуудаа засварт өгөөгүй гэлээ. Агаарын бохирдолд автомашины утаа багагүй хувийг нь эзэлдэг учраас эхний ээлжинд нийтийн тээвэрт үйлчилдэг том оврын 400 гаруй автобусанд хийн түлшний тоног төхөөрөмж суурилуулахаар төлөвлөсөн байж. Хэдийгээр дулааны улирал наашилж байгаа ч хийх ёстой ажлуудаа үргэлжлүүлэн хийхийг Үндэсний хорооноос тэдэнд үүрэг болгосон юм.
Өнгөрөгч 2011 оны улсын төсвийн тодотголоор нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 34 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төслүүдийг аравдугаар сарын 28-нд баталсан. Монгол Улсын төсвийн тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулснаар улсын төсвийн тодотголоор хийгдэх уг хөрөнгө оруулалтын төслүүд энэ сарын 31-нийг хүртэл хэрэгжих юм. Энэ хугацаанд агаарын бохирдол 18 хувиар буурсан гэж албаныхан хэлж байлаа. НАЧА-ны дарга Д.Мөнхцог “Энэ жил агаарын бохирдлыг бууруулахаар өмнөх жилүүдийг бодвол олон төрлийн ажил хийсэн. Үүний үр дүн ч гарсан. Утаагүй зуух борлуулалт бараг дууссан, мөн бусад эрчим хүчний бүтээгдэхүүний борлуулалт ч гэсэн сайн байсан. Гуравдугаар сарын байдлаар агаарын бохирдол өмнөх жилийнхээс 17-18 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан” гэв. Харин 2012 оны төсөвт нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хийх нийт 105 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 15 төрлийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ батлагдсан бөгөөд 64 тэрбум төгрөгийг одооноос зарцуулахаар болжээ. Нийт мөнгөний 80 гаруй хувийг нийслэлд зарцуулах гэнэ.
Энэ жил нийслэлээс гадна Баянхонгор, Хөвсгөл, Дархан-Уул, Сүхбаатар, Өвөрхангай зэрэг аймгуудын агаарын бохирдол байх ёстой хэмжээнээс хэтэрсэн учраас эдгээр аймгуудын агаарын чанарыг сайжруулах төлөвлөгөө боловсруулан ажиллах юм байна. Мөн Дархан, Эрдэнэт хот, Багануур, Налайх дүүргүүдээс гэр хорооллын айл өрхүүдийн зуухны хэрэглээний нарийвчилсан судалгааг гаргаж, эдгээр аймаг, дүүргүүдэд зориулан эхний ээлжинд 10 мянган ширхэг зуухыг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх төлөвлөгөөтөй байгаа аж. Мөн ирэх жил нийслэлийн бүх гэр хорооллыг утаагүй зуухаар хангах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 70 гаруй мянган зуух нийлүүлэх саналыг Мянганы сорилтын санд тавьсан ч тэд энэ тооны зуухыг нийлүүлэх боломжтой гэжээ.