Оюутнууд сурах хугацаандаа цэргийн алба хаана

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

Оюутнууд сурах хугацаандаа цэргийн алба хаана

Цэргийн алба хаагаагүй тохиолдолд төрийн албанд ажиллах эрхгүй тухай Төрийн албаны шинэ хуулинд нэмэлт өөрчлөлт орсон. Ингэхээр их, дээд сургуулийн төгсөн, төрийн албанд ажиллах сонирхолтой оюутан залуус ямар байдлаар цэргийн алба хаах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Иймд оюутнуудыг сурч байх хугацаандаа цэргийн албыг хэрхэн дүйцүүлэн хаалгах талаар холбогдох газрынхан хуралдан хэлэлцэж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалахын яам, Сангийн яам, Монголын оюутны холбоо, Төрийн албаны зөвлөл зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Гэхдээ нэгдсэн шийдвэрт хүрч, журам батлагдаагүй байгаа юм.

Оюутан залуус суралцах хугацаандаа сонирхлоороо цэргийн алба хаадаг ч ихэнх нь сургуулиа завсардахыг хүсдэггүй. Сургуулиа төгсөөд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахад хүрдэг аж. Тиймээс Монголын оюутны холбоо /МОХ/ оюутнууд суралцаж байх хугацаандаа сонирхлоороо цэргийн алба хаах боломж бүрдүүлэхээр Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүүтэй уулзан, хамтран ажиллахаар болжээ. Үүнд оюутан залууст эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, “Иргэний хамгаалал” хичээлийн хөтөлбөр, үр дүнг сайжруулах зэрэг олон ажлыг хамтран хэрэгжүүлэх аж.  Тодруулбал, “Иргэний хамгаалал” хичээлийн кредитийг нэмэх, зуны гурван сард багтааж цэргийн албаа хаах эсвэл хоёрдугаар дамжаагаа төгсөөд хаах зэрэг олон арга замыг хэлэлцэж байна. Харин хэзээнээс хэрэгжих нь тодорхойгүй байгаа гэж МОХ-ноос мэдээлж байна.

Хэрвээ МОХ, Батлан хамгаалахын яам хамтран оюутнуудыг суралцах хугацаандаа цэргийн алба дүйцүүлэн хаалгах шийдвэрт хүрвэл оюутан залууст хэрэгтэй. Цэргийн алба хаахын тулд хичээл нь завсардахгүй байх боломж бүрдэх аж. Оюутнууд суралцах дөрвөн жилийн хугацаанд гурав, гурван сараар цэргийн албаа хаах эсэх нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Харин мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах гэсэн заалт нь хэвээр үлдэх аж. 

Цэргийн албыг энэ жил мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэн  3400750 төгрөг төлөхөөр Засгийн газрын хуралдаанаар тогтоосон билээ.

Ажлын хэсэг МОХ-ын тавьсан хүсэлтийг хүлээн зөвшөөрвөл оюутнууд суралцаж байх хугацаандаа цэргийн алба хаах боломж бүрдэж магадгүй нь. 

Б.ОЙНБИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж