”Айвенхоу Майнз” санхүүгийн тайлангаа гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

”Айвенхоу Майнз” санхүүгийн тайлангаа гаргажээ

Канадын “Айвенхоу Майнз” компани Оюутолгойн санхүүгийн тайланг гаргаж, үйл ажиллагааны төлөв­­лөгөөг дахин нягталсан талаар “Yahoo Finance” мэдээлжээ. Монголчуудын төдийгүй дэл­хийн анхаарлыг татаад байгаа Оюутолгойн орд газрын үйл ажил­лагааны тай­лангийн талаарх шинэ мэдээл­лийг хүргэж байна.

Тайланд өгүүлснээр Өмнөговь аймаг дахь Оюутолгой төслийн бүтээн байгуулалт өнгөрсөн хоёрдугаар сарын эцсээр 72.7 хувьд хүрсэн аж. 2010 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Оюутолгойд хөрөнгө оруулж эхэлсэн “Айвенхоу Майнз” энэ оны есдүгээр сард олборлолтыг эхлүүлж, 2013 оны нэгдүгээр сард зэсийн баяжуулсан бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахаар төлөв­лөж байгаа юм. 2011 оны эцсээр гаргасан судалгаагаар Оюутолгой төслийн бүтээн байгуу­лалтад нийт дөрвөн тэрбум ам.дол­ларын хөрөнгө оруулжээ. Нийт 23 км газрыг хамарсан порпирийн зэс, алт, мөнгө болон молибдений нөөцтэй Оюутолгой ордыг нөөцийн талбайгаар нь Хюго Дамметт, Баруун Өмнөд Оюу, Херуга гэсэн гурван бүлэгт хуваан үздэг. Хюго Дамметтийн бүлэгт Өмнөд Хюго, Хойд Хюго, Хойд Хюгогийн үргэлжлэл нэртэй ордууд хамаардаг бөгөөд эдгээр ордын зэсийн агуулга харьцангуй өндөр аж.  Оюутолгойг эрчим хүчээр хангахын тулд  Хятадаас эрчим хүч импортлох гэрээ хэлэлцээрийн шатанд явж байгаа аж. Гэрээнд гарын үсэг зурвал энэ сардаа багтаан Өвөрмонгол дахь цахилгаан шугам сүлжээтэй холбох  220 кВ эрчим хүчний дамжуулах шугамыг хятадууд тавих  гэнэ. Оюутолгойгоос Монгол-Хятадын хил хүртэл 95 км зам дагуу цахилгаан дамжуулах шугамын тулгуур барих ажил өнгөрсөн оны аравдугаар сард дууссан юм. Оюутолгойн бүтээн байгуулалтыг хийж буй ажилтнуудын тоо өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар 14,760-д хүрчээ. Өнгөрсөн оны сүүлээр гаргасан судалгаагаар Оюутолгойд ажиллаж буй  үндсэн ажилтнуудын 6550 нь монголчууд, 3,600 гаруй нь сургалтад хамрагдсан хүмүүс байна. Тайланд бичсэнээр баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулах хоёр дамжлагыг төлөвлөгөөний дагуу суурилуулж эхэлжээ. Өдөрт дунджаар 100,000 тонн зэс баяжуулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт өнгөрсөн оны эцсээр 73.2 хувьтай байсан юм. “Айвенхоу Майнз” Оюутолгой ордын 66 хувийг, мөн л Өмнөговь дахь “SouthGobi Resources Ltd” (TSX: SGQ)(HK: 1878)  компанийн хувьцааны 58 хувийг эзэмшдэг.  “SouthGobi Resources Ltd” лицензийн болон борлуулалтын хураамж төлөхөөс өмнө 2010 онд нэг тонн нүүрсийг 54 ам.доллараар худалдаалж 79.8 сая ам.долларын ашиг олсон бол 2011 онд нүүрсний үнэ, борлуулалт нэмэгдэхэд орлого нь 179 сая ам.долларт хүрсэн байна. “Айвенхоу Майнз” Оюутолгой төслийн хүрээнд Өмнөд Оюу хэсэг дэх ил уурхайг энэ оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар тө­лөв­лөж, өдөрт 100,000  тонн зэс баяжуулах үйлдвэр барихаар барил­гын ажлыг хэдийнэ эхлүүлсэн аж. Гэвч Оюутолгойг цахилгаанаар хан­гах асуудал толгойн өвчин хэвээр байгаа аж. Оюутолгой төслийг хэрэг­жүүлэгчид энэ оны есдүгээр сард олборлолтыг төлөвлөсний дагуу эхлүүлэхийн тулд Хятадаас цахил­гаан эрчим хүч худалдаж авахаар хэлэлцэж буй авч үнэ, нөхцөл дээр тохиролцож чадаагүй байна. Төслийг хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз” бүтээн байгуулалтыг цагт нь дуусгахын тулд дизель цахилгаан үүсгүүрийг уурхайд аваачсан аж. Монголын Засгийн газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Оюутолгойн ордыг эрчим хүчээр хангах нүүрсний ЦС барих шийдвэрийг “Оюутолгой” компанид танилцуулсан. Гэвч Оюутолгой төслийн эхний жилүүдэд Монголд нүүрсний ЦС барихаар бол төслийн бүтээн байгуулалтын төлөвлөгөө өөрчлөгдөж, 2013 онд бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж чадахгүй болно гэж Оюутолгой төслийн нэгэн хөрөнгө оруулагч тай­ланд бичжээ. Хэдийгээр  Монголд ЦС барих нь Оюутолгой төслийн ирээдүйн төлөвлөгөөний нэг хэсэг боловч 2012 оны  хөрөнгө оруу­лалтын төлөвлөгөөнд тусгаг­даагүй аж. Учир нь ЦС барихад шаард­лагатай хөрөнгийг  тус ком­панийн санхүүгийн төлөв­лө­гөөнд оруулаагүй гэнэ. 2010 оны аравдугаар сард “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” үзэглэсэн Оюутолгой төсөл дээр хамтран ажиллах гэрээнд 2015 оноос өмнө 50 мегаватт эсвэл түүнээс дээш хүчин чадалтай ЦС баривал санхүүжилтыг “Рио Тинто”-оос зээл авах замаар сан байгуулах тухай заасан байдаг аж.  Гэрээнд мөн зээлийн 40 хувийг 2015 онд багтаан төлж, үлдсэнийг 2016 онд төлж дуусгах тухай заажээ. Оюутолгойн бүтээн байгуулалтын эцсийн шат болон төслийг эхлүүлэхэд шаард­лагатай санхүүжилтын  төлөв­­лөгөөг “Айвенхоу Майнз”-ын захирал, санхүүгийн зөвлөх, менеж­ментийн удирдлагуудаас бүрд­сэн багийнхан өнгөрсөн хоёр­дугаар сард “Рио Тинто”-д танилцуулжээ. “Айвенхоу Майнз” Оюутолгойн ордын хай­гуулын анхны өрөмдлөгөөс эхлээд төслийн бүтээн байгуулалт хүртэл нийт таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан аж. Саяхан буюу энэ сарын 18-нд “Айвенхоу Майнз”-ын Удирдах зөвлөл төслийн санхүүжилтын төлөвлөгөөг батал­жээ. “Айвенхоу Майнз” Оюутолгой төслийн дараагийн шатыг хэрэг­жүүл­эхэд шаардлагатай дөрвөн тэр­бум ам.долларын зээлийг авахаар Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Канадын Export Development  банк, Санхүүгийн олон улсын корпораци, BNP Paribas болон Standard Chartered банктай хэлэлцээ хийж байгаа юм байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж