Хариу арга хэмжээнд бэлтгэхийг үүрэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.03.23-нд нийтлэгдсэн

Хариу арга хэмжээнд бэлтгэхийг үүрэгдэв

Америкийн эсрэг хариу арга хэмжээнд бэлтгэхийг Медведев үүрэгдэв

Хэдийгээр Москва, Вашингтоны хооронд хэлэлцээр үргэлжиж байгаа ч Европт Америкийн Пуужингийн довтолгооноос хамгаалах систем (ПДХС) байгуулах төлөвлөгөөний эсрэг зогсоход Москва-Оросын цэргийнхэн бэлэн байх ёстой гэж мягмар гаригт Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдсэн байна.

Цэргийн удирдлагын төлөөллийн өмнө үг хэлэхдээ улс орон “яриа хэлцлийн үүдийг хааж байгаа хэрэг биш” хэмээн Медведев онцолжээ. Гэхдээ л цэргийн хариу арга хэмжээ авахад бэлэн байх ёстой гэлээ.

НАТО-гийн пуужингийн эсрэг хамгаалалт байгуулах төлөвлөгөө нь Ираны зүгээс гарч болох аюулаас сэргэмжилж байгаа гэж АНУ үздэг бөгөөд харин Москва ойрын хэдэн жилийн дотор бүтээгдэх систем нь Оросын довтолгоог барих цөмийн  хүчинд аюул учруулна гэдэг юм.

“Бид 2017-2018 он гэхэд бүх талаар зэвсэглэгдсэн бүрэн хэмжээгээр бэлтгэгдсэн байх ёстой” гэж Медведев телевизээр ярилцлага өгөхдөө ч онцолсон байлаа. Хэлэлцээр хийгээгүй нөхцөлд л АНУ-ын удирдлагын дор байгаа пуужингийн эсрэг пуужинг чиглүүлнэ гэдгээ дахин хэлсэн байна.

НАТО-гийн төлөөлөгчид Оростой пуужингийн эсрэг системийн асуудлаар хамтрах сонирхолтой гэсэн боловч  хамтран удирдах гэсэн Оросын саналыг эвсэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

НАТО-Орос гэсэн харилцааны хүрээнд гэрээ хэлцэл байхгүй нөхцөлд ПДЭС нь Оросын эсрэг чиглэгдэхгүй гэсэн баталгааг  Медведев АНУ-аас гаргуулахаар оролдов. Мөн тэрээр хэрэв энэ асуудлаар ямар нэгэн тохиролцоо хийж чадахгүй бол хариу арга хэмжээ авна гэж заналхийллээ.

“Хэдийгээр хэлэлцээр үргэлжилж байгаа ч бид ЕвроПДХС-ийн санаачлагад өөрсдийн хариуг барих чадал тэнхээтэй байхын тулд хангалттай хэмжээгээр зэвсэгт хүчнээ бэхжүүлэхэд бэлэн байх ёстой” гэж Медведев тэмдэглэв.

Энэ асуудлаар үүсээд байгаа хурцатмал байдал нь зарим талаар Москва, Вашингтоны харилцааг ээдрээтэй болгож байна. Владимир Путин гурав дахь удаагаа ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа шууд Вашингтонд айлчлал хийх бөгөөд  тавдугаар сараас хурцатмал байдал улам даамжирна гэсэн хүлээлт байгаа. Оросын албаны хүмүүс энэ айлчлал хүртэл үлдээд байгаа хоёр орны хооронд хэлэлцээр байгуулж чадна гэж итгэхгүй байгаа юм.

Аж үйлдвэрийн өндөр хөгжилтэй найман орны Кэмт-Девидэд хийсэн зөвлөгөөний дараа тавдугаар сарын 20-нд Чикаго хотноо нээгдэх саммитад оролцох эсэх талаараа Путин үгээ хэлээгүй байгаа. Уг саммит дээр эвсэл нь Пуужингийн довтолгооны эсрэг бамбай хийх төлөвлөгөөнийхөө дүгнэлтийг ярилцах учиртай. Энэ алхам нь Оросын дургүйцлийг сэдрээж магадгүй байгаа юм.

Америкчууд Пуужингийн довтолгооны эсрэг төхөөрөмжийнхөө тухай чухал бус мэдээллээ Орост дэлгэжээ

Америкчуудын сайн санаа гарган Европын Пуужингийн довтолгооноос хамгаалах системийн талаар өгсөн нууц мэдээллийг “үр ашиггүй, байхгүй” хэмээн Москва үзлээ. Энэ тухай гуравдугаар сарын 21-ний дугаартаа “КоммерсантЪ” сонин бичжээ.

ПДХС-ийн угтан сөнөөх SM-3 пуужин зэрэг зарим төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийн талаар зарим мэдээллийг АНУ Орост өгөхөд бэлэн гэж өмнө нь мэдэгдэж байсан. Ийм аргаар америкчууд оросуудыг энэ асуудалд татан оролцуулах гэсэн байв. Сонинд өгүүлснээр гуравдугаар сарын дундуур Москвад ирсэн АНУ-ын Төрийн департаментын Стратегийн тогтвортой байдал ба Пуужингийн эсрэг хамгаалалтын асуудал хариуцсан тусгай элч Эллен Тошер уг нууц баримтуудыг дамжуулжээ. Хатагтай Тошер ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин, Гадаад харилцааны орлогч сайд Сергей Рябков ба Батлан хамгаалахын орлогч сайд Анатолий Антонов нартай уулзсан байна.

Төрийн департамент нь хэлэлцээрийг “үр дүнтэй, ашигтай” гэж үнэлсэн бол оросууд огт өөр сэтгэгдэлтэй үлджээ. АНУ-ын сенат нь чухал мэдээлэл Москвад өгөхийг хориглосон учраас шинэ мэдээлэл ирээгүй гэж оросууд хэлж байна. Хэлэлцээр мухардалд орсон учраас оросууд олон улсын бага хурлыг тавдугаар сарын эхээр Москвад хийхээр төлөвлөж, тэнд өөрсдийн байр сууриа талбарлах юм байна. Батлан хамгаалах яамнаас зохион байгуулах уг арга хэмжээнд АНУ, Хятад, Энэтхэг, Япон болон Европ, хуучин Зөвлөлтийн орнуудын цэргийн байгууллагын төлөөлөгчид оролцох гэнэ. Оросын тал ПДХС нь бүс нутгийн хүчний тэнцвэрийг алдуулна гэж баталж байгаа илтгэлээ бэлтгэж байна. Тэд компьютерийн загвар ашиглан Оросын нутаг дэвсгэрээс хөөргөсөн пуужинг Польш болон Балтийн тэнгист байрлах системийн пуужингууд угтан сөнөөж болохыг харуулах ажээ. Системийн цаашдын хөгжил нь Оросын айдсыг улам лавшруулах  бололтой.

2011 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Сенат ОХУ-д  Элчингээр  томилогдсон Майкл Макфолыг Орост SM-3 пуужингийн хурдын талаар мэдээлэл өгөх гэж байна хэмээн батлахгүй, хугацааг нь хойшлуулж байсан билээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж