Х.Баттулга нэр бүхий хүмүүсийг АТГ-т шалгуулна

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Х.Баттулга нэр бүхий хүмүүсийг АТГ-т шалгуулна

УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга өнөөдөр АТГ-т нэр бүхий улс төрчдийг шалгуулах болсноо мэдэгдэж материал хүргүүллээ. Тэрбээр Ерөнхий сайдаас эхлээд Хэрэг эрхлэх газрын дарга, Эрдэс баялаг эрчим хүчний сайд зэрэг албан тушаалтнуудыг   шалгуулахаа мэдээлсэн юм.

Х.Баттулга болон МоАХ-ны гишүүдийг АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаяр нарын бусад ажилтнууд хүлээн авч уулзсан юм. Энэ  үеэр АТГ-ын ажилтнуудад хандаж хэлсэн УИХ-ын гишүүн Х.Баттулгын яриаг хүргэж байна.

Х.Баттулга:

Өнөөдөр авлигыг эмч, шүүгч, багш нараар төлөөлүүлж ярьж байна. Гэтэл авлига гэгч УИХ, Засгийн газрын хэмжээнд ороод ирсэн нь ард түмний ядуурлаас  тодорхой харагдаж байгаа юм. Уг нь биднийг хадаг сүүтэй угтдаггүй  юмаа гэхэд  тэсэн ядан хүлээж авах болов уу гэж бодсон. Би буруу тооцоо хийжээ. Энэ бол тоглоом биш. Аймаг, сумын засаг даргын тухай яриагүй, хил дээр гарсан зөрчлийн тухай яриагүй. Монголын ардчилсан холбоо нийгэмд хүн бүр баян, эрх чөлөөтэй байхыг эрхэмлэн ажиллаж ирсэн. Өнөөдөр авлига гэдэг хэрэм хаалт, хэдхэн хүний аз жаргалтай амьдралаар Монгол Улсын амьдрал хязгаарлагджээ. Энд бүх баримт бий. Хамгийн сүүлийн баримт гэвэл ХЗДХ-ийн сайдаар олон жил тохоон томилогдон ажиллаж буй  сайд  Ц.Нямдоржийн  хэвлэлд өгсөн “Хөлсний байранд амьдардаг баяжсан дурак хаана байдаг юм” гэсэн ярилцлага байна. MCS Ухаа худагийн байранд урсгал зардал буюу 300-400 мянган төгрөг төлөөд амьдардаг гэсэн байгаа юм. Тэр нь хүний байр юм байна л даа. Хүний байр юм бол яахаараа тэр хүн давуу эрх эдлээд суугаад  байгаа юм. Та бүхэнд баримт хэрэгтэй гэвэл байна. Германы ерөнхийлөгч иргэнээсээ илүү хөнгөлөллтэй нөхцөлд байр авсныхаа төлөө огцорсон жишээ бий. Тодорхой нэмэлт баримт асуух зүйл байвал бидний зүгээс татгалзах зүйл үгүй. Танай ханан дээр “АТГ-ын албан хаагчид хэний ч нөлөөнд үл автан, зөвхөн хуульд захирагдан үнэнч шударгаар авлигатай тэмцэхээ батлан тангараглая. Энэ тангаргаас няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэжээ. Тангаргаа биелүүлж, санаж ажиллахыг хүсье. 



Ч.Өнөрбаяр:

Иргэд байгууллагааас ирүүлсэн гомдол мэдээллийг хуулийн хугацаанд шалгаж, хууль зүйн үндэслэлтэй хариу өгөх үүрэгтэй. Энэ хүрээнд ажиллаад албан ёсоор хариу өгнө. Манай холбогдох албаны хүн гарын үсэг зураад хүлээж авна.

Х.Баттулга:

Өнөөдөр АТГ байгуулагдаад  хэдэн жилийн нүүр үзлээ. Хэдэн даргын нүүр үзэв. Та бүхнийг дарамттай ажилладаг гэдгийг ойлгож байна. Дарамтнаас болж асуудал үүсдэг. Та нарыг дарамталж байгааг бид мэдэж байгаа шүү дээ. Монголын ардчилсан холбооныхны хүчийг ашиглаач. Энэ байдалд цэг тавъя гэдэг үүднээс хандаж байна. Та нарыг бид хамгаалъя. Нэг том даргыг нь  шалгах гэхээр нэг нь утас цохиод болиулдаг байдлыг таслан зогсоомоор  байна. Иргэд  байгууллагаас ирсэн мэдээллийн дагуу шалгадаг гэдгийг ойлгож байгаа. Гол нь энэ асуудалд ажил болгох талаас нь санаа тавиарай гэж захиж байна. Харамсалтай байна, танай дарга нар өөрсдөө хүлээж авсангүй.

УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулгаас АТГ-т баримт материалаа хүлээлгэн өгсний  дараа зарим асуултад хариулт авлаа.

-Эрх баригч сайд дарга нарыг АТГ-т шалгуулахаар хандлаа. Таны хүссэнээр шалгах болов уу?  

-Авлигатай  тэмцэх  УИХ-ын тогтоол гарчихсан  байх юм. Харамсалтай нь хэрэгжихгүй юм. Тэгсэн хэрнээ бусад зүйлүүд нь яваад байх юм. Энэнд нь эрх барьж байгаа сайд дарга нар нь орооцолдчихсон. Ийм байж болохгүй гэдэг үүднээс өнөөдөр баримтжуулж өглөө.  Би ганцаараа тэмцээд байгаа хэрэг биш. Монголын ардчилсан холбоо гээд  улс орон даяар сүлжээтэй байгууллага байна. Энэ байгууллагыг толгойлж байгаа хүний  хувьд нөхдийнхөө санал санаачлагыг дэмжиж, өөрөө төлөөлөн ирлээ. Энэ ажлыг  хийх ёстой. Сая гэхэд АТГ-ын дарга нь байсангүй. Магадгүй өөрөө хүлээгээд авбал янз бүрээр дарамтлах байсан болов уу. Ямар  хариу өгөхийг нь хүлээж л байя.

-Таны өгсөн баримт материалд эрх баригчдаас хэн хэний нэр багтаж байгаа вэ?

-Ерөнхий сайд С.Батболд, Хэрэг эрхлэх газрын дарга н.Хүрэлбаатар, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт гээд фракцийнхан бүгд л багтаж байгаа шүү дээ. Баримт материал хангалттай байгаа.

-Таныг төмөр зам барих талаар нууц гэрээ байгуулсан гэх мэдээлэл гарсан.

-Энэ тухай би ирэх долоо хоногоос бүх баримтыг нь дэлгээд ярина. Ер нь Засгийн газрын сайд нь нууц гэрээ байгуулаад, гаднынхан нууц гэрээнд нь мөнгө өгөөд, нууцаар төмөр зам барина гэж байхгүй шүү дээ. Нууц гэрээ хар тамхи, зэвсгийн наймаа зэрэгт хийгддэг болов уу даа. Ийм энгийн зүйлд хууртаж боломгүй санагдана. Ц.Нямдорж  гэдэг хүн өөр зүйл рүү хүмүүсийн анхаарлыг холдуулдаг аргатай. Энэ байдлаараа л явж байгаа. Би шал өөр юм яриад байна шүү дээ. Горьдож байсан Тавантолгой бүтэхгүй боллоо, одоо яах вэ гэдэг асуудал ярьж байна.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж