Орчин үеийн сансар судлалын асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Орчин үеийн сансар судлалын асуудлыг хэлэлцэнэ

Монгол хүн сансарт ниссэний 31 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаа  ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн билээ. Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Энэхүү үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.

Өнөөдөр 14.00 цагт “Тусгаар тогтнолын ордон”-д Монгол Оросын хамтарсан нислэгийн 31 жилийн ойд зориулсан “Орчин үеийн сансар судлал-Монгол Улс” эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ. Уг бага хурлыг нээн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үг хэлэн Монголын анхны сансрын нисэгч, ЗХУ-ын баатар, Монгол Улсын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа, сансрын нисэгч Хөдөлмөрийн баатар Майдарын Ганзориг нарыг “Тусгаар тогтнолын одон”-гоор шагналаа. Мөн энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын нээлтэд БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр, ШУА-ийн Физик техникийн хүрээлэнгийн захирал академич Б.Чадраа, академич Б.Энхтүвшин болон албаны бусад хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн оролцсон юм.

Жил бүр уламжлал болгон тэмдэглэж ирсэн уг ойг энэ жил БСШУ-ны сайдын шийдвэрээр ажлын хэсэг гарч, олон ажлуудыг хийж, хэрэгжүүлэхээр болсон юм. 

Ой тэмдэглэх ажлын эхлэл болгон хийж буй энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд нийт долоон асуудлын талаар илтгэл тавьж байна. Үүнд:

  1.  “Орчин үеийн сансар судлалд Монгол Улсын гүйцэтгэх үүрэг” сэдвээр академич Б.Чадраа
  2.  “Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан судалгаанд Академич Б.Ширэндэвийн оруулсан хувь нэмэр” сэдвээр ШУА-н ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин
  3.  “Сансрын тандан судалгааны хөгжлийн чиг хандлага” сэдвээр М.Ганзориг, академич Д.Амарсайхан, М.Саандарь
  4.  “Сансрын физик, одон орон судлал” сэдвээр Д.Батмөнх, Б.Чадраа, Ү.Сүхбаатар, С.Дэмбэрэл, Л.Оюунбилэг, Л.Лхагважав
  5.  “Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх бодлого” сэдвээр Ж.Бат-Эрдэнэ
  6.  “Сансрын зайнаас тандан судлалыг цаг уурт хэрэглэх нь” сэдвээр М.Эрдэнэтуяа, С.Хөдөлмөр
  7.  “Тойрог замын болон гараг хоорондын нислэгийн үе дэх биохэмнэл судланы зарим асуудлууд” сэдвээр академич Л.Лхагва нэр тус тус илтгэл тавина.

Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын талаар Монголын анхны сансрын нисэгч, ЗХУ-ын баатар, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа “Бид энэ байгаа потенциал хүрсэн төвшингээсээ дутхааргүй цаашдаа ажиллах ёстой. Сансар гэдэг бол хүн төрөлхтний ирээдүй. Сансаргүйгээр өдөр тутмын амьдралаа төсөөлөхөд бэрх. Үздэг, телевиз, уншдаг сонин, хэвлэл, ярьдаг утас энэ бүхэн өнөөдөр сансраас хийгдэж байна. Сансар гэдэг бол шинжлэх ухаан технологийн хамгийн сүүлчийн ололтыг хамгийн түрүүнд хэрэглэдэг салбар. Тиймээс учраас сансарт ямар хувь нэмрээ оруулж байна гэдэг бол тэр орон ямар чадвартай, чадалтай, идэвх зүтгэлтэй вэ гэдгийг харагдах учиртай. Иймд Монгол Улс энэ байр сууринаасаа тэр олсон түвшингөөсөө цаашид хандах учиртай. Төр засгийн бодлого үүнд чиглэх ёстой. Үүнийг хийж хэрэгжүүлдэг Засгийн газрын байгуулаг байх ёстой. Манай эрдэмтэн мэргэд үүнд санаа бодлоо уралдуулж, ажил үйлсээ явуулах талбартай болох ёстой гэх мэтчилэнгийн олон асуудлыг өнөөдрйин манай эрдэмтэд, мэргэжлийн хүмүүс хөндөж, ярих байх аа гэж бодож байна” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

Мөн БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяртай уулзан орчин үеийн сансар судлалын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаагын  хувьд ямар ажлууд төлөвлөөд байгаа талаар тодрууллаа. Тэрбээр “Бид энэхүү ойгоороо эрдэм шинжилгээний хурал хйихээс гадна энэ чиглэлд хийж болох ажлуудыг судалж, гаргаж ирье гэж байгаа. Үүнд, бид хиймэл дагуул хөөргөх боломжийн тухай гээд олон асуудлыг судаж, ярьж байгаа. Яагаад гэвэл бид сансарт хүн ниссэн тухай л яриад байдаг. Тухайн үед МУ-ын шинжлэх ухааны томоохон судалгааны төсөл хэрэгжсэн. Сансрын нислэгтэй уялдуулж хэрэгжсэн энэхүү шинжлэх ухааны төслийн суурийг тавьсан энэхүү том чиглэлээ орхиж болохгүй гэж үзэж байгаа” гэлээ.

Мөн энэ үеэр ШУА-ийн Физик техникийн хүрээлэнгийн захирал академич Б.Чадраатай уулзлаа.

-Эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь юу вэ?

-Манай улс хууль эрх зүйн талаас нь авч үзвэл сансрын статустай гүрэн. Бид түүхэн ойгоо 31 дэх жилдээ хийж байгаа ч үндсэндээ төрийн нарийн цэгцтэй бодлого байгаагүйгээс алхам бол хийгдээгүй. Орчин үед сансар ямар түвшинд хүрээд байна, сансрын яаж хэрэглэж байна, түүнийг бид хэрэглэх боломж байна уу, үүнтэй энэ зэрэгцэх дэлхий нийтийн урсгалд ороод явах боломж байна уу гэдгийг энэ хурлаар дэлгэрэнгүй тал бүрээс нь авч үзээд бид цаашид хийх ажлаа тодохойлъё гэсэн юм. Монгол Улс сансар судлалд яаж хандах юм, юуг нь ашиглах юм бэ гэсэн төрийн бодлого хариуцсан байгуулагатай больж, төрийн бодлоготой больё гэсэн асуудлыг дэвшүүлж тавьж байгаа.

Ер нь сансар гэдэг бол бүх дэлхийн том асуудал болсон. Сансрын техник технологийг ашиглан хөгжил дэвшилд хүрнэ гэдэг нь бүх орнуудад ойлгомжтой байгаа учраас ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулаад явж байгаа. Тиймээс энэ чиглэлээр Монголчууд юу хийх вэ гэгдийг тодорхойлохыг оролдсон. Мөн Монгол Улсын технологийн салбар хөгжинө. Иймээс ирээдүйн залуучуудад технологийг эзэмшүүлэх хамгийн гол салбар бол сансрын судалгаа, цөмийн физик, сэргээгдэх эрчим хүч гуравт боловсон хүчин бэлтгэх чиглэл рүү ажил зохион байгуулж байгаа.

-Дэлхийн сансар судлалын асуудал ямар чиг хандлагаар хөгжиж байна?

– Дэлхий даяар хөгжье, дэвшье гэсэн нэг бодлогшотой болсон байна. Олсон амжилт, дэвшилтээ удаан хугацаагаар хадгалья гэвэл сансрын технологийг хөгжүүлье, үүнийг улам сайжруулья гэсэн ерөнхий бодлого явж байна. Бид хамгийн гол технологи болох, сансрын физик, цөмийн физик, сэргээгдэх эрчим хүчээр хүн ч бэлтгээгүй, өөрийн бодлого ч байхгүй, төрийн бодлого байхгүйгээс хоцорчихсон. Ер нь одоо сансар гэдэг бол шинжлэх ухаан эдийн засгийн хамгийн том асуудал, хөгжлөөс хоцрохгүй олсон ололт технологио хадгалж явах шилдэг салбар юм гэдэг ойлголт Олон Улсын бичиг баримтуудад ихээхэн тусдаг болсон. Манайх хүнээ нисгэсэн 10 дахь орон, багжаа гаргасан 20 дахь орон, задгай сансарт гаргасан тав дахь орон гээд том том зүйл яриад байгаа. Энэ бол сайхан  амжилт. Ийм орон цаашаа нийтийн хөдөлгөөн алхаатай нэг голдиролд орж, шигдэрч явах ёстой. Харимсалтай нь хоцорчихсон гэж би хувьдаа бодож байгаа. Өнөөдөр дэлхийн 56 орон том, жижиг хиймэл дагуултай, хурдан холбоо мэдээллээ сансраас авч байна. Манайх одоо хүртэл байхгүй. Үүнийг нэн даруй шийдье. Сансраас газрын дээр, доор байгаа мэдээллүүдийг авах юм бол олон дахин хямд бөгөөд цаг хугацаа хождог. Үүний зэрэгцээ сансарт гарсан цоо шинэ технологийг ашиглан газрын амьдралд өөрсөө авч хэрэглэх явдал бол их чухал. Үүнийг бид дэвшүүлж тавин яагаад бид хоцрогдов гэдэгтээ дүгнэлт шинжилгээ хийе гэж бодож байгаа.

-Бид яагаад дэлхийн сансар судлалын салбарт хоцрогдох болов?

-Энэ нь Монгол Улсад сансрын ашиглах, тэнд гарсан шинэ шинэ зүйлүүдийг амьдралдаа хэрэгжүүлэх гэсэн төрийн бодлого байхгүй болчихсон. Өөрөөр хэлбэл сансрын ашиглах үзэл баримтлал байхгүй болсоноос болоод хариуцах газаргүй болсон. Дээр үед “Интеркосмос” үндэсний зөвлөл гэдэг байгууллага төрийн өмнөөс яриад байдаг байсан. Бүх яам тамгын газруудыги зангидаад энэ ажлуудыг зохион байгуулдаг байсны нэг ололт нь манай Гүррагчаа баатарын ниссэн сансрын нислэг их амжилттай болсон явдал шүү дээ. Одоо тийм зүйл байхгүй. Яам, тамгын газрууд яахав энэ байдлыг ойлгодог учраас өөр өөрсдийн ажлуудыг олон улсын шугам дээр хийдэг. Наад зах нь гэхэд барууны их, дээд сургуулиуд нэг болон хоёр килограммын жинтэй хиймэл дагуулыг оюутнууд нь хийгээд сансарт гаргадаг болчихсон байна. Мөн нано хиймэл дагуул, микро хиймэл дагуулыг үйлдвэрлэн гаргаж байна. Үүнийг бид хийх бүрэн боломжтой, үнэ өртөг бага, одоогийн энэ улсуудын ярьж байгаагаар, арай ч тэгж хэлж болохгүй байх УИХ-ын нэг гишүүний л зардлаар нэг нано хиймэл дагуул гаргаад буулгачих ийм хэмжээтэй байгаа. Ийм боломжууд их байгаа учраас үүнийг л энэ хурал, зөвлөгөөнөөр ярья гэж бодож байна.

-Сансар судлалын чиглэлээр боловсон хүчнийг манайх хаана бэлтгэдэг вэ?

-Боловсон хүчнийг бид дотооддоо ч бэлтгэж болно. Манай БСШУ-ны салбарын нэлээд хоцрогдлын нэг хэлбэр бол манай оюутан залуучууд багш нар бусад орны оюутан багш нарын адил нано хиймэл дагуул, микро хиймэл хийн хөөргөн  судалгаа хийн үр дүнгээ авдаггүй. Иймээс манай оюутнууд үүнийг хийх ёстой. Үүнийг төрөөс дэмжих ёстой. Мөн дэлхийн олон холбоод энэ чиглэлээр ажиллаж байгаа тэдгээрт элсэн хүнээ бэлтгэх хэрэгтэй. Солилцоо авах хэрэгтэй. Өндөр технологи эзэмшсэн  хэн ч болсон сансрын судалгааны ажилд орох боломжтой. Манай их дээд сургуулиуд өндөр технологи эзэмших сургалтыг бий болгох хэрэгтэй. Тэгвэл бүх салбарт ажиллах боломжтой боловсон хүчин бэлтгэж гаргана гэсэн үг. Тэр нь байхгүй, ихэнх нь нийгмийн ухааны салбарынхан байна.

-Монгол улс хэзээ дахин нисэгчээ сансарт нисгэх бол? Үүнд ямар хугацаа шаардах вэ?

-Тэр их амархан. Энэ жилээс энэ асуудлыг ярьж эхэлнэ. Ганцхан юу хийх вэ гэдэгт төр засгийн бодлого байх хэрэгтэй. Би ганц жишээ хэлье. Одоо Олон Улсын дэлхийн гадна 400 км-ын зайнд байрладаг томоохон хэмжээний тогтмол байх станц баригдчихсан байгаа. Түүний хэмжээ нь 110 метр урт, 75 метр өргөнтэй. Одоо сансрын нисгэгч бэлтгэхэд нас хамаагүй болсон. Шаардлагтай бол маргааш нисгэхэд олдох хүн манайд бий. Яагаад гэхээр цаана нь хүлээж авах багаж, төхөөрөмж нь их тохилог хүн ажиллаж, амьдрах нөхцөл сайтай болчихсон. 

"Монгол Оросын хамтарсан
нислэгийн 31 жилийн ойд зориулсан “Орчин үеийн сансар судлал-Монгол Улс”
эрдэм шинжилгээний бага хурал"-ын Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж