Сайдууд нь одоогийн нөхцөл байдлыг зөвшөөрөхгүй байгаагаас гадна эдийн засгийн өөрчлөлтийн хөтөлбөрөө төлөөлөгчдөд гүйцэд танилцуулахгүй байсан аж. Египетэд өгөх мөнгийг ямар зорилгод зарцуулахаа мөн тайлбарлаагүй байна. Түүнчлэн намууд эдийн засгийн хөтөлбөр бүх талаараа нээлттэй байхыг зөвшөөрөхгүй гэжээ.
ОУВС-гаас үл зөвшилцлийг зохицуулах, зээлийн асуудлыг шийдэхийн тулд дараагийн долоо хоногт Египет рүү өөр бүлэг илгээхээр шийдвэрлэсэн юм. Зээлийн гэрээг зурахад одоо хоёр сар хүрэхгүй хугацаа Египет улсад үлдсэн гэж ОУВС-гаас сануулсан байна. Өнгөрсөн даваа гаригаас эхлэн ОУВС-гийн төлөөлөгчид Каирт ажилласан юм.
Энэ оны эхээр Египетийн Засгийн Газар улсынхаа эдийн засгийг сайжруулах хөтөлбөрт зориулан 3,2 тэрбум ам.долларын зээл авах албан ёсны хүсэлтээ ОУВС-нд тавьсан ажээ. Өмнө нь Египет 2011 онд ОУВС-гаас зээл хүсч, хэлэлцээ хийж байсан боловч дараа нь Зэвсэгт Хүчний Дээд Зөвлөлөөс гэрээний нөхцлийг биелүүлэх боломжгүй гэж үзсэн юм.
Египетийн эдийн засгийн болон нийгмийн байдал хэцүү байгаа учраас одоогийн Засгийн Газар зээлийн хэлэлцээг дахин сэргээхээс өөр аргагүй болсон байна. Ерөнхий Сайд Камал аль-Ганзури Египетэд Хосни Мубуракийн дэглэм унаснаас дараа олон улсын байгууллагуудаас амласан санхүүгийн тусламжийг Египет одоо хүртэл авч чадаагүй байгаа талаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мэдэгдсэн билээ.
Түүнчлэн сүүлийн хэдэн сарын хугацаанд улс оронд нь байдал тогтворгүй байгаагаас Египет улсын алтны нөөц ихээхэн багассан ажээ. Гадаадын хөрөнгө оруулалт болон жуулчлалын салбарын орлого мөн л их хэмжээгээр буурсан юм.