Төмөр замаа хоёр чиглэлд тавьж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Төмөр замаа хоёр чиглэлд тавьж эхэлнэ

Төмөр замаа энэ хавраас хоёр чиглэлд тавьж эхэлнэ

ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж Засгийн газрын өчигдөрийн хуралдаанд “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн талаар танилцуулсан байна. Үүнтэй холбогдуулан төмөр замын талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг сайд Ц.Дашдоржид даалгажээ. Эх сурвалжийн хэлж буйгаар Засгийн газрын хуралдаанаар өмнийн говиос хоёр чиглэлээр татах төмөр замын ажлыг зэрэг эхлүүлэхээр болж, царигийн хувьд нэгдсэн байр сууринд хүрсэн бололтой. Хэрэв уг бодлого Үндсэний аюулгүй байдлын зөвлөлөөр дэмжигдвэл шинэ төмөр замын эхний шатны ажлыг энэ хавраас эхлүүлэх боломж бүрдэх юм. Үүнийг дагаад хувийн хэвшил Гашуун сухайт руу чиглэсэн төмөр замаа тавьж эхлэх боломжтой болно. 

Дашрамд сануулахад, уул уурхайн салбарынхны дунд хамгийн их хүлээлт үүсгэсэн бэрхшээл бол дэд бүтэц бөгөөд урагш чиглэсэн төмөр замыг дараагийн шат хэмээн хойшлуулалгүй барих шаардлагатайг өнгөрсөн жил болсон “Coal Mongolia-2011” чуулга уулзалтын үеэр салбарынхан хурцаар хөндсөн. Үүний дараагаар 1, 2 дугаар шатны төмөр замын ажлыг зэрэг эхлүүлэх байр суурьт Засгийн газар хүрсэн билээ. Өөрөөр хэлбэл, Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажлыг зэрэг эхлүүлэхээр болсон. Гэвч төмөр замын царигаас эхлээд зарим асуудал эцэслэн шийдэгдэлгүй хугацаа алдсаны улмаас нэгдүгээр шатны төмөр замын ажлыг өнөөг хүртэл эхлүүлж чадаагүй. Иймээс саяхан болж өнгөрсөн “Coal Mongolia-2012” чуулга уулзалтын үеэр уг асуудал мөн л чухлаар хөндөгдөж, оролцогчид төмөр замын дэд бүтцийн асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг сануулсан юм. Ямартай ч ҮАБЗ-өөс шийдвэр гарвал төмөр замын бүтээн байгуулалтын ажлуудыг энэ хавраас эхлүүлэх боломж бүрдэх бололтой. Санхүүжилтийн хувьд Хөгжлийн банк 580 сая ам.долларын бонд гаргаж, амжилттай арилжаалсан билээ. Үүний 200 сая ам.долларыг төмөр замын бүтээн байгуулалтын ажилд зарцуулна гэсэн ерөнхий төлөв байна. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж