Ерөнхийлөгч Наурызын баяраар зарим хүмүүст шагнал гардуулав

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Наурызын баяраар зарим хүмүүст шагнал гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Наурызын баярыг тохиолдуулан зарлиг гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг цол, одон, медалиар өнөөдөр шагнав.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын гавьяат багш цолоор Баян-Өлгий аймаг дахь Монгол, Туркийн хамтарсан сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Ванчингийн Суранхүү, хүний гавьяат эмч цолоор Хавдар судлалын үндэсний төвийн поликлиникийн эрхлэгч, их эмч Рамишийн Асай, гавьяат барилгачин цолоор Баян-Өлгий аймгийн барилгын “Агайын” ХХК-ийн захирал Бохатханы Жирен, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор СХД-ийн 3 дугаар хорооны өндөр настан Бүкейн Мадет, “Алтан гадас” одонгоор нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны өндөр настан Райханы Зулпай, Налайхын уурхайн уурхайчин Орныхбайн Манарбек, Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төслийн удирдагч Тохтарбайн Сайполда, Сонгино хайрхан дүүргийн ЗДТГ-ын Иргэний бүртгэлийн тасгийн дарга Рахатханы Солдатхан нарыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар “Асу” ХХК-ийн захирал Көкенайн Абил, Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Камбарын Зейнеш, Налайх дүүргийн 4 дүгээр хорооны хэсгийн ахлагч Тулкибайн Сайлоу нарыг тус тус шагнаж, баяр хүргэлээ.

Ерөнхийлөгч хэлэхдээ “Монгол Улсын олон мянган казах иргэд хаврын баяраа өнөөдөр өргөн дэлгэр тэмдэглэж байна. Энэ Наурызын баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын олон иргэн төрийн хүндтэй цол, одон, медалийг хүртэж байгаа. Төрийнхөө хүндтэй өргөөнд тэр олон хүнийг төлөөлүүлэн та бүхэнд  энэ алдар гавьяаг хүртээлээ. Гол нь өнөөдөр олон мянган багш, эмч, барилгачдын дундаас гурван гавьяат төрж байгаад би их баяртай байна. Ингээд та бүхэнд, та бүхний ойр дотны хүмүүст дахин казах иргэдийнхээ хаврын баяр Наурызын мэндийг хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэв. 

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж