Амьдрах эрхийн тийз “цагдаагийн тодорхойлолт”

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Амьдрах эрхийн тийз “цагдаагийн тодорхойлолт”

Өнөө цагт иргэд төрийн албаны шалгалт өгөх, ажил сургуульд орох, гадаад улсад явах, элдэв зээл хүсэх, сонгуульд нэр дэвших зэрэг шаардлагаар ял шийтгэлтэй эсэх тодорхойлолтыг Цагдаагийн Ерөнхий газраас авч байгаа. Одоо бүр цэнгээнт нэвтрүүлэгт орох, дүүрэг хооронд шилжихэд хүртэл ял шийтгэлгүй гэсэн тодорхойлолт авах шаардлагатай болчихож. Худалч хүнд үзвэр үйлчилгээний газар орох, ресторанд сууж хоол идэхэд цагдаагийн тодорхойлолт нэхэх нь холгүй болжээ. Уг нь заавал цагдаагийн тодорхойлолт авч байна гэсэн хууль, дүрэм гараагүй л санагдах юм. Нэг тодорхойлолт авахад 1000 төгрөг. Харин тодорхойлолт авах хүн хэдэн зуун мянгаараа байгаа. Намар шинэ оюутнууд сургуульдаа орох, манайхан Солонгос руу “хуйлрах” зэрэг ид сезоны үеэр бол тодорхойлолт авах гэсэн хүмүүс урт дараалал үүсгэнэ шүү дээ. Одоо бас л сезоны үе нь тохиогоод байгаа. Учир нь зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй иргэд ЦЕГ-ын дэргэдэх Мэдээлэл судалгааны төвийг эвдэх шахаж байгаа юм билээ.

Гэхдээ тодорхойлолтын цаана нэг л ойлгомжгүй зүйл байгаа юм. Юу гэвээс, ял шийтгэл эдэлж, амьдралдаа алдаж байсан хүн төрийн албаны шалгалт өгч, ажилд орж, гадаад явж, орон сууцанд амьдарч болохгүй гэсэн үг болж таарах нь. Бүр цэнгээнт нэвтрүүлэгт ч оролцох эрхийг нь хязгаарлаж байна гэсэн үг. Арай дэндүү биш үү. Уг нь ЦЕГ-аас гаргасан ял шийтгэлгүй болохыг баталсан тодорхойлолт авах журам гэдэг дээрээ “Монгол улсын Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу шүүхээр ял шийтгэгдэж байсан хүмүүст ял шийтгэгдсэн эсэх тухай лавлагаа олгохдоо, ялтайд тооцогдох хугацаа дууссан тохиолдолд “Тодорхойлолт”-ыг ял шийтгэлгүй гэж олгох ба тухайн этгээдийн урьд ял шийтгэгдэж байсан тухай мэдээлэл манай санд бүртгэлтэй хэвээр байна гэж заасан байгаа юм.

Мөн “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад тухайн этгээдийн ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа дууссанаас үл хамаарч ялтай байдлыг хэвээр гаргаж өгнө” гэж заажээ. Гэтэл саяхан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт багтаж, зургаан хувийн хүүтэй зээл авах хүсэлтэй залууг ял шийтгэлтэй гээд тодорхойлолт өгөөгүй байгаа юм.

Учир нь өнөөх залуу таван жилийн өмнө хүн зодоод захиргааны хэргийн шүүхээр мөнгөн торгуулиар шийтгүүлж байсан юм байх. Өнөөх залуугийн хэлж байгаагаар бол найзуудтайгаа явж байгаад нэг хүний хамар руу цохичихсон юм билээ, хөөрхий. Залуу хүмүүст зодоон, цохион хийх үе байж л байдаг шүү дээ. Гэтэл тиймхэн жижиг алдаанаас болоод орон сууцанд амьдрах эрхээ шууд хасуулж байгаа юм. Арай дэндүү байгаа биз дээ. Банк заавал ч үгүй хэрэгт холбогдож байгаагүй гэсэн тодорхойлолт нэхдэг. ЦЕГ-аас захиргааны хэрэгт холбогдож, мөнгөн торгууль хүлээсэн байна гээд гаргаж өгдөггүй.

Гэтэл өнөөх журамд заасан ялтайд тооцогдох хугацаа дууссан тохиолдолд ял шийтгэлгүй гэсэн тодорхойлолт олгоно гэсэн нь худлаа болж таарч байгаа хэрэг. Тэгэхээр ЦЕГ иргэдийн эрхийг зөрчиж, орон сууцанд амьдрах, ажиллах эрхийг нь зөрчиж байна гэсэн үг. Нөгөө талаас нь аваад үзье. Уг нь эрх баригчид хууль гаргаж, албан байгууллагууд хүн ажилд авахдаа, цэнгээнт нэвтрүүлгийнхэн оролцогчоосоо, орон сууцны зээл өгөх банк үйлчлүүлэгчээсээ ял шийтгэлгүй гэсэн тодорхойлолт авах ёстой гээгүй.

Гэтэл өнөөдөр бүх л байгууллага цагдаагийн тодорхойлолт шаарддаг болж. Хэрэгт холбогдож байгаагүй нь үнэн гэсэн тодорхойлолт шүү дээ. Гэтэл дээр дурьдсан залуугийн жишээг аваад үзвэл тэр хүн мөнгөн шийтгэл хүлээж байсныхаа төлөө бүх эрхээ хасуулж байна гэсэн үг. Хүн ямар ч байдлаар хэрэгт холбогдож болно. Яг үнэндээ “хэрэг” гэдэг үгийн цаана ялгаж салгах олон зүйл бий. Санаатай юу, санамсаргүй болов уу. Хүний амь нас хохироосон уу. Хулгай хийв үү. Удаа дараагийн үйлдэлтэй юу гээд л.

Үнэхээр яах ч аргагүй байдалд ороод, биеэ хамгаалах гээд хүний амь хохироосон байвал яах вэ. Тэр хүн өөрийнхөө амь насыг хамгаалахын төлөө тийм хэрэг хийсэн. Ялаа эдлээд гарч ирээд ажил хийж, хүн шиг амьдрах гэхээр “хэрэгт холбогдсон” гэсэн ганц тодорхойлолт түүнийг нийгмээс “арчиж” хаяна гэсэн үг. Энэ мэт санамсаргүй, гэнэн алдаанаас болоод хэрэгт холбогдсон хүн манай улсаар дүүрэн байна. Тэр хүмүүс тэгэхээр зөвхөн идэж, унтаж, амьсгалах л эрхтэй үлдлээ гэсэн үг үү.

Ингээд бодохоор албан байгууллагууд сайн дураараа цагдаагийн тодорхойлолт гээчийг гаргаж ирж хүний эрх зөрчөөд байна гэсэн үг. Уг нь албан байгууллагууд хамт олондоо анхаарч, онц ноцтой гэмт хэрэгтнийг, засрашгүй хулгайчийг ажилд авчихгүй байхын төлөө хичээж байгаа нь тэр байх л даа. Цагдаагийн газар ч гэсэн иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллаж байгаа нь тодорхой.

Гэхдээ энэ бүхний цаана эдийн засгийн сонирхол ч байж магадгүй гэсэн хар төрөөд байгаа юм. Цагдаагийн тодорхойлолт авахын тулд өдөрт хэдэн хүн очдогийг сайн мэдэхгүй юм. Гэхдээ л тэд жилдээ хэдэн 10 сая төгрөг хуримтлуулдаг байж таарна. Нөгөө талаас тэр ажилд нь албан байгууллагууд туслаад ч байгаа юм шиг. Ингэхэд ер нь хэн нь хүний эрхийг ийм ноцтойгоор зөрчөөд байна вэ.

Н.ПУНЦАГБОЛД

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж