Японы хөрөнгийн зах зээл дээр ”тоглох” боломж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Японы хөрөнгийн зах зээл дээр ”тоглох” боломж байна

Одоогоос жилийн өмнө арлын оронд ихээхэн гамшиг тохиолдож, элэг нэгт монголчууд маань эндээс эмзэглэн, нулимс дуслуулан өрөвдөж, төр засаг ч тэр зүгт цэрэг эрчүүдээ илгээж байлаа.

Дээрх үйл явдал энэ орны иргэдийн амь насыг үй олноор нь аваад зогсохгүй, эдийн засагт ч сөрөг хандлагуудыг дагуулсан. Тэгвэл өчигдөр манай оронд төрийн өмчийн хорооны урилгаар Токиогийн хөрөнгийн бирж, Япон улсын үнэт цаас төлбөр тооцоо хадгаламжийн төв, "Номура", "Томацу" группын төлөөлөгчид хүрэлцэн ирж энэ чиглэлийн сургалтад оролцон илтгэл тавилаа.   

Анх 1878 онд байгуулагдсан энэ улсын хөрөнгийн бирж өнгөрсөн оны байдлаар компанийн үнэлгээгээр, арилжааны мөнгөн дүнгээр ч дэлхийд III, азид эхний байранд байж чаддагаараа онцлог юм. Энэ талаар Токиогийн Хөрөнгийн Бирж хувьцаат компанийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, хувьцаа     гаргалтыг дэмжих албаны захирал Ясүюүки Конума "Бид багаар ажиллаж чаддаг соёлтой ард түмэн. Танай оронд ч мөн багаараа хамт хүрэлцэн ирсэндээ баярлаж байна. Манайд монголчуудыг сүмо  бөхөөр л төсөөлдөг. Гэхдээ цаашид энэ байдал өөрчлөгдөнө гэж итгэж байгаа. Тэр тусмаа санхүүгийн хувьд хоёр улсын харилцаа хангалтгүй байна" гэсэн.  

Тэрбээр цааш үргэлжлүүлэхдээ "Манайд хадгаламжийг хөрөнгө оруулалтад ашиглах бодлого баримталдаг" гэж онцолж байсан. Энэ нь манай улсын эдийн засагт сул байгаа их хэмжээний бэлэн мөнгийг эргэлтэд оруулах буюу дээрх улсын хөрөнгийн  бирж дээр гаргах бүрэн боломж байгаа гэдгийг  сануулж байв.  

Харин ингэхэд манайхаас багагүй эрсдэл байгаа нь энэ чиглэлийн зөвлөх компанитай болж, үүнтэй уялдан удирдлагын зардал өндөр гарах сул тал ажиглагдаж байлаа. Нөгөө талаас тус улсын I, II бирж (энэ нь том ба дунд хэмжээний компаниуд) мөн өсч буй компаниудад зориулсан хөрөнгийн биржүүдэд арилжаа хийхийн өмнө багаар бодоход бэлтгэл ажилд нэг жил зарцуулагддаг ажээ.

Учир нь энд тухайн компани тус улсын хөндлөнгийн аудитийн шалгалтад орохоос эхлэн бүрдүүлэх бичиг баримт ихтэйн дээр бүгд тодорхой цаг хугацааг заасан байдагтай холбоотой. Нөгөөтэйгүүр манайхааас ялгаатай харагдаж байгаа нэг зүйл нь тус улсын өөрийн гэсэн санхүүгийн нягтлан бодох нарийн аргачлал юм.

Харин манайх олон улсын нягтлан бодох стандартыг мөрддөг төдийгүй энэ стандартаас японы санхүүгийн нягтлан бодох стандартад шилжэхэд хялбар, ажил багатайг төлөөлөгчид онцолж байсан.

Мөн нөгөө талаас манай улс өргөн уудам тал нутаг, байгалийн баялаг, цөөн хүн амтайгаараа онцлог. Үүнээс улбаалан дэлхийн олон орон биднийг анхааралдаа аваад буй. Улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн ч бүрэн бие даах чадамжийн хувьд ч тэр бид илүү ухаалаг байх хариуцлагатай мөчид амьдарч байна. Гэтэл иргэд үнэт цаас, хувьцаа гэж юу болох талаар төдийлөн сайн ойлголтгүй байдаг. Энэ талаар Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т.Цогтбаяраас тодруулсан юм.

-Үнэт цаас, хөрөнгийн бирж дээрх арилжаа гэхээр иргэд төдийлөн сайн ойлголтгүй байдаг. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Үнэт цаасны зах зээл гэдэг нь эдийн засгийн хамгийн чухал, зөв хуваарилалтын систем юм. Өөрөөр хэлбэл, зах зээлийн эдийн засаг хөгжиж байгаа оронд үнэт цаасны зах зээл зайлшгүй хөгжиж байж шударга хуваарилалтын механизмтай болно. Мөн үнэт цаасны зах зээл дээр үнэт цаасны бүтээгдэхүүнүүд гарч ирдэг. Энэ нь нэг жилээс дээш хугацаатай гарч ирж байгаа хувьцаа, бонд, урт хугацаатай засгийн газрын бондууд, компанийн бондууд гэх мэтээр үргэлжилдэг.

-Манай улсын хувьд хөрөнгийн бирж дээр явуулж буй үйл ажиллагаа аль хэр учир дутагдалтай санагддаг вэ?
-Тийм ээ. Ер нь бол үнэт цаасны бүтээгдэхүүн 100 гаруй төрөл байдаг. Тэгтэл манайд ердөө л хувьцаа, бонд гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүн нь байна. Ингэхдээ бас учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл ихэнх нь энгийн хувьцаа байдаг. Энэ нь компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөнд эзэмшил нь тодорхойлогддог хувьцаа юм. Нөгөө талаас бонд гаргах ажил их муу байна. Өнгөрсөн оны зургаан сараас эхлээд Засгийн газар 1-5 жилийн хугацаатай бондуудыг гаргаж ирлээ. Өмнө нь гаргасан бонд бол зөвхөн төсвийн хомсдолыг бууруулах зорилготой байсан. Тэгтэл өнөөдөр үүнээс гадна зах зээлийн олон шаардлага байсаар байна.

-Тухайлбал?
-Хамгийн ойрын жишээ нэрлэвэл энд орон сууцны бонд байна. Гэтэл одоогоор энэ ажлыг эхлүүлэх систем, тогтолцоо тодорхойгүй хэвээр байгаа. Гэтэл үүнийг зах зээл шаардаад л байна шүү дээ.

-Одоогоор манайд энэ төрлөөр үйл ажиллагаа эрхэлдэг хэдэн брокерийн компани, пүүс байгаа вэ?
-Энд нийтдээ 92 компани байгаа. Үүнээс 76 компани нь хөрөнгийн биржид бүртгэлтэй байдаг. Харин манай холбоонд 40 гаруй компани нь эхнээсээ бүртгүүлээд нэгдээд эхэлсэн.

-Мэргэжлийн хүний хувьд энэ сургалтад нэлээд ач холбогдол өгч байгаа байх. Эндээс олж харсан хамгийн чухал зүйл нь юу байв?
-Тиймээ. Энэ сургалт маш чухал юм. Эндээс аль ч хөрөнгийн зах зээлд дээр гарсан болохоор асар их мөнгөний урсгал манайд байна гэдгийг ойлгож байна.

-Hөгөө талаас иргэдэд төрөөс өгөх сая төгрөгийн хувьцааны тухайд та юу хэлэх вэ?
-Энэ нь одоогоор тогтоол төдий л байгаа. Яаж, ямар журмаар олгох нь тодорхойгүй. Харин мэргэжлийн хүний хувьд энэ үнэ тогтоолт нь зах зээлийн өөрийнх нь жам ёсны ханш биш тул цаашид муу нөлөөлнө гэдгийг хэлэх хэрэгтэй.

Т.Ундрал
"Нийгмийн толь" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж