УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллаж байгаа аж. Тэрбээр Алтайд хоёр өдөр ажиллах хугацаандаа эрхэлсэн яамны харьяа зарим салбарын ажилтай танилцаж, барилгын компаниудын консерциум байгуулах гэрээнд гарын үсэг зурж, орон сууцны шинэ хорооллын шав тавих ажлыг эхлүүлэх болжээ.
Мөн аймгийн төвийн Харзат, Жаргалант, Баяншанд, Баянхайрхан багийн иргэд, сонгогчидтой уулзаж улс орны хэмжээнд эхлээд буй “100 мянган айл орон сууц” хөтөлбөр болон тойргийн хэмжээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлыг танилцуулан, иргэдтэй санал бодлоо солилцох аж. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын тус аймагт ажиллах багт Орон сууцны санхүүжилтийн корпорацийн удирдах албан тушаалтан, зарим албаны хүмүүс багтжээ. Энэ үеэр Ц.Дашдорж сайд ундны усны нөөц хомс аймгийн төвийн гурван багт худаг гаргах ажлыг эхлүүлэх юм байна.
Г.Дарь