Хагас коксжуулсан түлш хаанаа ч хүрэлцэхгүй

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Хагас коксжуулсан түлш хаанаа ч хүрэлцэхгүй

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ХI хуралдаан Төрийн ордонд болж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор УИХ-аас шаардлагатай хууль, тогтоолын төслүүдийг баталж, 2016 он хүртэл хийх ажлуудыг нарийвчлан зааж өгсөн билээ. Энэ хүрээнд Засгийн газар холбогдох яамд, агентлагийн газар Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба гээд олон газрууд ажиллаж буй. Гэвч яам, агентлаг, газар хоорондын ажлын уялдаа холбооноос эхлээд, зарим ажлыг хэрэгжүүлэх талд цаг алдсаар байгаа талаар энэхүү хуралдааны үеэр хөндлөө. Мөн бэрхшээл байгаа ч өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд үр дүн дагуулж буйг ч тодотгож байна. Тухайлбал, Монголын мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийн хүрээнд энэ оны гуравдугаар сарын 15-ны байдлаар 60842 ширхэг утаа бууруулдаг зуухыг өрхүүдэд хэмнэлттэй үнээр нийлүүлсэн бол 16626 ширхэг гэрийн бүрээс, 4442 ширхэг гонх нийлүүлэгджээ. Цаашид нийслэлийн хэмжээн дэх гэр хорооллын 120 мянган өрхийг утаагуй зуухаар хангах ажил үргэлжилнэ. 2013 он гэхэд бүрэн хангаж дууссан байна, тэр хэрээр хорт утааны ялгарал буурахын зэрэгцээ түүхий нүүрсний хэрэглээ бүрмөсөн зогсоно гэдэг мэдээллийг холбогдох албаныхан өглөө. Ингэхдээ нийслэлийн дагуул дүүрэг болох Багахангай, Багануурыг ч утаагүй зуухаар хангах ажил давхар хийгдэх юм байна. Гол нь хагас коксжуулсан түлшийг бэлтгэн нийлүүлэх нь чухал. Одоогийн байдлаар ТЭЦ-II дулааны цахилгаан станц хийгээд Шарын гол, МАК зэрэг компаниуд хагас коксжуулсан түлш иргэдэд нийлүүлнэ гэж байгаа ч нийслэлийн гэр хорооллыг бүрэн хангах хэмжээний бус, зөвхөн хязгаарлалтын бүс дэх айлуудад л дөнгөн данган хүрэлцэнэ. Тиймээс хагас коксжуулсан түлш үйлдвэрлэлд онцгой анхаарч ажиллах шаардлага бийг хэллээ.

Хоёр дахь анхаарах асуудал нь нийтийн тээврийн хэрэгслийг хийн түлшинд шилжүүлэх тухай аж. “Цэвэр агаар” сангаас том оврын 400 автобусанд хийн түлшний тоног төхөөрөмж суурилуулж угсрах ажилд зориулж 3,5 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн ч ажил урагшлахгүй байгаа гэнэ. Уг нь энэ ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, сонгон шалгарсан компани тоног төхөөрөмж татан авалт хийж, суурилуулах ажлыг эхлүүлсэн ч Нийслэлийн Нийтийн тээврийн газраас аюулгүй ажиллагааны шаардлага, стандартыг хариуцах эзэн байхгүй байна гэсэн шалтгаанаар автобуснуудыг засварт гаргаж өгч чадахгүй гэдгээ мэдэгдсэн. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос энэ ажилд саад учруулж болохгүй, аль болж бүтэх талаас нь явуул гэсэн ч, харамсалтай нь, зогсонги байдалд оржээ.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж