Түлэнхийн төвийн тааз нурахад бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Түлэнхийн төвийн тааз нурахад бэлэн болжээ

Манай улсын түлэгдэлт, осголтын гуравдугаар шатлалын ганц эмнэлэг болох Түлэнхийн нөхөн сэргээх клиникийн эмнэлгийн барилга хэзээ мөдгүй нурж унахад бэлэн болжээ.

Гадна болон дотор талын өнгө үзэмж нь хүн харахын аргагүй хөөрхийлөлтэй байдалд байгаа хэдий ч эрүүл мэндийн үйлчилгээгээ үзүүлсээр байна.

Хэвтэн эмчлүүлэгчдийн тасгаар ороход үнэхээр хэрэг алга. Нэг тасагт дөрвөн хүн хэвтэн эмчлүүлэх ёстой ч энэ тоогоо барьдаггүй байнгын ачаалалтай байх аж. Бүр зарим тасагт найман хүн хэвтэн эмчлүүлж байх жишээтэй.

Эмчлүүлэгчдийн өрөөний шал, таазанд мөөгөнцөр үүссэний улмаас акталжээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа шалгаж ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан ч хөрөнгө, мөнгөний боломж тааруу гэх шалтгаанаар өнөө хэр нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.

Уг эмнэлгийн хаалгаар ороход л ариутгал цэвэрлэгээ, эм тарианаас илүү чийгний эхүүн үнэр хамар цоргиж байв. Хонгилынх нь шал энд, тэндгүй цөмөрч банз, хавтангаар нөхөөс тавьж, будаг түрхсэн, эсвэл хулдаасаар өнгөлөн далдалсан гээд боломжтой бүхнээр л өнгө засан тордсон харагдана.

Мөн тааз нь мөөгөнцөртчихсөн, хана, шал нь өмөрч, цөмөрсөн дүр зураг харагдаж байсан юм. Тэр дундаа ариун цэврийн өрөө нь гэж хүн орохын аргагүй хаалга, суултуур нь эвдэрч, хэмхэрсэн байлаа.

Тус төв нь нөхөн сэргээх, түлэнхий, сэдрэл, хүлээн авах гэсэн тасгуудтай. Хоёр давхарт нь хөнгөн гэмтэлтэй хүмүүс эмчлүүлдэг бол нэг давхарт хүнд өвчтэй хүмүүс эмчлүүлдэг юм байна.

Уг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа О.Энхбаяртай уулзахад "Эмнэлгийн эмчилгээ сайн боловч гадаад, дотоод орчны байдал арай л дэндүү муудчихсан. Шал, хана нь энэ тэндээ хагарч цөмөрсөн байдаг. Орой болонгуут өмөрч цөмөрсөн шалны зай завсараар хулгана гүйдэг. Өвчтөнүүд дээр үеийн төмөр цагаан орон дээр хэвтэж байна шүү дээ. Ер нь хүмүүс өвчнөөсөө салахын тулд аргагүй эрхэнд хэвтэн эмчлүүлж байгаа. Одоо дулаараад ирэхээр үнэр танар нь бүр хэтрэх байх. Хөдөөний малын хашаа пүнз ч ийм байхгүй шүү дээ. Төр засгаас сэргээн засварлах тал дээр анхаарах шаардлагатай" гэж ярьсан юм.

Түлэнхийн төвийг анх 1957 онд ашиглалтад ороход хятад эмнэлэг байрлаж байгаад 1973 онд Гэмтлийн эмнэлэг төвхнөсөн ч шинэ Гэмтлийн эмнэлэг рүү нүүхдээ түлэгдэлт болон хөлдөлтийн тасгаа буурин дээрээ орхиод явсан түүхтэй аж.

Барилгын элэгдэл гэмтлийг засварлахаар хоёр удаагийн урсгал засвар хийсэн ч төсөв хөрөнгийн хүрэлцээнээс шалтгаалан 1986 оноос хойш том хэмжээний засвар огт хийгдээгүй гэнэ. Тус эмнэлгийн дэд захирал Б.Бат-Оргилтой уулзаж засварын ажлын талаар асуухад "Ирэх дөрөвдүгээр сарын 15-ны үеэр эмнэлгийг нурааж, шинээр барилгын ажил эхэлнэ. Энд байгаа өвчтөнүүдийг шинэ гэмтэл рүү шилжүүлнэ. Одоогоор мөнгө төгрөг төсөвлөөгүй байгаа. Эндээс нүүхгүй бол энэ байрны хана тааз нь нураад хүн дарж алчих гээд байна.

Саяхан хоёр давхарт эмчилгээний өрөөний тааз нурсан. Энэ үед азаар хүн гэмтээгүй. Одоогийн байдлаар 129 өвчтөн хэвтэн эмчүүлж байгаа. Ерөнхийдөө ачаалал ихтэй тэр дундаа хөлдөлт, түлэнхий хоёр ихэнх хувийн эзэлдэг" гэсэн юм.

Н.Алтанцэцэг


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж