“Эрдэнэт”-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлын бодлого жишиг болж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт”-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлын бодлого жишиг болж байна

Монголын уул уурхайн компаниудын “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурал, үзэсгэлэн өнөөдөр эхэллээ. Тус бага хурлыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК санаачлан,  Монголд уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Монголын уул уурхайн үндэсний ассоциаци зохион байгуулж байна. Үндэсний хэмжээнд анх удаа уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын гол шалгуур болсон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нэгдсэн бодлого, удирдлагын тогтолцоог боловсруулан гаргах юм. Дэлхийн шилдэг аж ахуйн нэгж, зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн анхны ээлж ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл 34 жилийн түүхэнд “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бодлогыг нийгмийн хариуцлагын гол шалгуур болгон хэрэгжүүлж ирсэн. Тийм ч учраас “Эрдэнэт” үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, хамгаалах хэрэгслийн стандарт нь Монголын уул уурхайн салбартаа жишиг болж байгаа юм. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх Технологийн сургууль нь үйлдвэрийнхээ нийт ажиллагсдын болон уул уурхайн компаниудын ажил олгогч эздийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг тогтмол зохион байгуулдаг байна. Уулын баяжуулах ”Эрдэнэт” үйлдвэрийн 34 жилийн түүхэн туршлага, ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдлын хандлага, соёл уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бусад компаниудад жишиг болж, Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдлын монгол “бренд”-ийг бий болгоно гэдгийг өнөөдөр нээлтээ хийсэн “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурлын үеэр Монгоын уул уурхайн үндэсний ассоциаци, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Эрдэс баялаг эрчим хүчний яамнаас онцлон хэллээ. Тус бага хурал энэ сарын 22-23-ны өдрүүдэд Чингис зочид буудалд явагдана.

У.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж