”А.Меркель Европыг буруу тийш нь залж байна”

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

”А.Меркель Европыг буруу тийш нь залж байна”

АНУ-ын нөлөө бүхий хөрөнгө оруулагч Ж.Сорос "Spiegel" сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр Евро бүсийн хямралын эсрэг хэрэгжүүлж буй Германы Засгийн газрын бодлогод шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн байна.

-Германы Канцлер Ангела Меркелийг дэлхий нийт "Хатагтай Европ" хэмээн нэрлэж байна. Түүний нэр хүнд Германд ч өндөр байгаа. Ийм байхад та яагаад А.Меркелийн бодлогод шүүмжлэлтэй хандаж байна вэ?

-Би А.Меркелийн удирдагчийн чадварыг үнэлж байна. Гэхдээ тэр Европыг буруу тийш нь залж байгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Евро бүсийн хямралыг даван туулахын тулд төсвөө танах, бүтцийн шинэчлэл хийх гэсэн хоёр зүйлийг германчууд санал болгож байгаа. Гэтэл энэ бүхнээс гадна төсвөө тэлэх шаардлага зайлшгүй гарч ирлээ. Хэрэв Европын Засгийн газрууд зах зээл рүүгээ бэлэн мөнгө нийлүүлэхгүй бол өрийн хямралаас үүдэлтэй дифляцид нэрвэгдэх аюул нүүрлээд байна. Энэ нь нөхцөл байдлыг улам хурцатгана.

-Испани, Итали, Грек зэрэг орны төсвийг хэт их танахыг шаардаж байна уу?

-Тэд маш аюултай тойрог бий болгож байна. Төсвийн алдагдал ихтэй орнууд эдийн засгийнхаа өрсөлдөх чадварыг Германыхтай адил түвшинд аваачих ёстой. Ингэхийн тулд тэд төсвөө танаж, иргэдийнхээ цалинг бууруулахаас өөр аргагүй. Аливаа орны эдийн засгийн үзүүлэлтүүд тааруухан байх үед ашиг орлогын хэмжээ ч буурдаг. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт орж ирэх ёстой татварын орлого багасна гэсэн үг. Энэ нь санхүүгийн салбарыг бүсээ чангалахаас өөр аргагүйд хүргэдэг. Зах зээл өөрийн жамаар тэлэх боломж нь ч хумигдана. Үүнээс болж эрэлт нэг бол хэт ихэснэ, эсвэл хэт багасна. Зах зээл дэх төрийн оролцооны талаарх Кенсийн онол яг энэ үйл явцыг тодорхойлдог.

-Эцэст нь эдийн засгийн хувьд хүчирхэг Герман улс бүх ачааг нуруундаа үүрэхээс өөр аргагүй болно. Германчуудын олонхи нь үүнийг хүсэхгүй байгаа. Еврогийн тогтвортой байдлыг хангахын тулд германчууд яагаад бусад оронд мөнгө өгөх шаардлагатай болоод байна вэ?

-Тэдний энэ алхам бараг л зөв. Гэхдээ хамгийн шилдэг арга биш. Яагаад гэвэл, Евро бүсийн дүрмийг зөрчиж байгаа орнууд дунд Герман багтаж байна.

-Германы эрх баригчид улс орнуудыг төсвөө гурав дахин танахыг шаардсан. Гэтэл Грек чадахгүй байна. Ер нь энэ хоёр улсыг харьцуулбал ямархуу дүр зураг харагдах бол?

-Евро бүсийн дүрмийг зөрчиж байна гэдгийг энд дахин онцолъё. Тогтвортой байдлын гэрээнд энэ тухай тодорхой заасан байгаа.

-Хямарч буй орнуудын зах зээл рүү илүү их мөнгө гаргах ёстой гэж та яагаад бодож байна вэ?

-Грекийг Евро бүсийн бусад оронтой харьцуулаад үзье л дээ. Өнөөдөр Грект болж буй бүх зүйл уруудаж, доройтож байгаа мэтээр дэлхий нийт ойлгож байна. Гэхдээ тус улс Европын холбооны гишүүн орон болсныхоо давуу талыг бүрэн ашиглаж байгаа. Грекийн Ерөнхий сайд асан Жоржиус Папэндроу бүтцийн шинэчлэл хийхээ амлан сонгогдож байсан. Гэхдээ тэр Грекийг аврахын тулд нэлээд олон зүйлийг анхаарах ёстой байж. Ж.Папэндроу чадах бүхнээ хийсэн. Гэхдээ хангалттай ихийг хийгээгүй. Бас улс төрийн нөхцөл байдал ч нөлөөлсөн байж болох юм. Грекийн томоохон бизнес эрхлэгчид татвараа драхмагаар төлөхийг хүсч эхэлсэн. Тэд еврогоос татгалзсан. Бас тэд маш олон   хэвлэл мэдээллийн хэрэгслийг эзэмшиж байгаа учир түүгээрээ дамжуулан байр сууриа олон нийтэд тулгаж эхэлсэн. Грекээс бусад орны хувьд нөхцөл байдал харьцангуй гайгүй. Испанид л гэхэд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үүссэн үнийн хөөрөгдөл намжиж, банкны тогтолцоо нь Германыхаас ч тогтвортой байгаа.

-Германы Засгийн газар хямарсан орнуудыг бодлогын хүүгээ өндөр байлгаж, бүсээ чангалахыг шаардаж байгаа. Хэрэв Евро бүсийн орнууд тусламж авсаар байх юм бол ямар сөрөг үр дагавар гарч ирэх вэ?

-Бодлогын хүү өндөр байгаагаас болж Грекийн Засгийн газар хоёр дахь удаагаа зээл авсан. Өөрөөр хэлбэл, тус улсын хамгийн анх авсан зээл нь үр ашигтай байж чадаагүй шүү дээ.

-Ер нь Грек цаашид яаж өөрчлөгдөх бол?

-Европын холбоо удахгүй Грек рүү ам.доллар нийлүүлж эхэлнэ. Яагаад гэвэл, Евро бүсийн удирдагчид Европын холбоог нураахгүйн тулд бүх хүчин чадлаа дайчилна. Тэр цагт улс орнуудын төсвийг танаж, санхүүгийн хяналтыг чангатгахыг шаардаж байсан өмнөх бодлого нь үнэлэмжээ алдах юм. Бүс нутгийн хямралыг намжаах хамгийн зөв бөгөөд оновчтой арга нь энэ л байна. Энэ бол А.Меркелийн баримталж буй бодлогоос өөр гэдгийг дахин онцлох хэрэгтэй.

Т.ЭЛИСА

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж