Газрын тосны үнэ буурав

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Газрын тосны үнэ буурав

Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ сүүлийн нэг сарын хугацаан дахь хамгийн доод цэгтээ хүрч, баррель нь 123 ам.доллар болж буугаад байна.

АНУ-ын газрын тосны нөөцийн хэмжээ өнгөрсөн долоо хоногт 1.2 сая баррелиар буурч, 346.3 сая баррельд хүрчээ. Гэвч Франц улс бусад хөгжингүй улс орон газрын тосны үнийг бууруулахын тулд дотоодод бүрдүүлсэн нөөцөө ашиглана гэж мэдэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор дэлхийн зах зээл дэх Брэнт болон WTI маркийн газрын тосны үнэ ойрын нэг сарын хугацаан дахь хамгийн бага түвшиндээ хүрээд байна. Одоогийн байдлаар Брэнт маркийн газрын тосны үнэ 123 ам.доллар, WTI маркийнх 106 ам.доллар байна. Өчигдрийн байдлаар энэхүү хоёр төрлийн газрын тосны үнэ 124 ам.доллар, нөгөө нь 107 ам.доллараар худалдаалагдаж байсан юм.

Үнэ буурахад Саудын Арабын Газрын тосны сайдын “Шаардлагатай тохиолдолд бид бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ нэн даруй 25 хувиар нэмэгдүүлж чадна” гэсэн мэдэгдэл нь нийлүүлэлтийн асуудалд санаа зовних шаардлагагүй гэсэн дохио өгчээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Саудын Арабын газрын тосны үйлдвэрлэлийн хэмжээ ойрын 31 жилийн хугацаан дахь хамгийн дээд цэгтээ хүрч, 9.87 сая баррель/өдөр болжээ. Энэ нь Оросын үйлдвэрлэлийн бүтээмжтэй бараг дүйцэж байгаа юм. Мөн Хятадын эдийн засгийн өсөлт удааширч буй нь газрын тосны үнэ буурахад нөлөөлж байна.

Цаашид газрын тосны үнэ буурах магадлал өндөр гэж хэлэхэд эрт байгаа ч нэмж өснө гэсэн таамаг дэвшүүлэх үндэслэл ихээхэн буурлаа. Гэхдээ одоогийн байдлаар газрын тосны үнэ тун өндөр хэвээр л байна.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж