Өнөөдөр Монгол хүн сансарт анх ниссэн өдөр

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Монгол хүн сансарт анх ниссэн өдөр

Монгол хүн сансарт ниссэний 31 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн гэдэг.

Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан аж. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг.

Тиймээс энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд өнөөдөр олон арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Хамгийн түрүүнд Тусгаар тогтнолын ордонд 14.00 цагт сансрын нислэгтэй холбоотой эрдэм шинжилгээний бага хурал хийх юм байна. Энэхүү хурлаар орчин үед сансар судлалын асуудал болон Монгол Улс сансрын судалгааг цаашид яаж өргөжүүлэх вэ, сансрын орон зайг эзэмших асуудлаар юу хийх ёстой вэ зэрэг асуудлаар ирээдүй рүүгээ харсан олон илтгэл хэлэлцүүлэх  бөгөөд энэ жил тус ойтой давхцан Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн , Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн анхны ерөнхийлөгч, академич Базарын Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа  аж.

Тус ойн хүрээнд түүний Монголын түүхэнд гүйцэтгэсэн гавьяаг нь үнэн бодитоор харуулсан баримтат уран сайхны кино бүтээхээр төлөвлөжээ. Түүнчлэн ажлын комиссын хүрээнд Монголын төр засгаас сансрын уудмыг ашиглах, сансар судлалыг хөгжүүлэх төрийн бодлогыг тодорхойлох, Засгийн газар, Ерөнхий сайдын дэргэд дээрх асуудал хариуцсан үндэсний зөвлөл байгуулах нь зүйтэй юм гэж эрдэмтэд үзэн санал боловсруулж байгаа аж.

Мөн сансрын судалгааны асуудалд түүхэн баримт дээрээ тулгуурлан орчин үеийн онол танин мэдэхүйг нийт иргэд болон ялангуяа залуу үедээ судалж, сурталчлахад нь туслах байгууллага бий болгохоор Шинжлэх ухааны академийн Одон орон судалгааны төвийн дэргэд Сансар судлал, палентлогийн барилга барьж байгаа ба энэ оны хоёрдугаар улиралд дуусгах юм байна. Үүнд, тодорхой сурталчилгаа, үзмэр, музей, судалгааны ажлууд явагдах бөгөөд үүнийг ерөнхийд нь Монгол Улсын сансрын нисгэгч, Монгол Улсын болоод ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа гуай ахалж, хариуцан ажиллаж байгаа гэнэ.

Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сансрын цогцолбор хотхон байгуулахаар яригдаж байгаа бөгөөд ойрын үед тендер зарлан монгол хүн сансраас бууж ирсэн өдөр шав тавих ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаагаа дуулгалаа. Түүнчлэн соёл урлагийн чиглэлээр тус ойд зориулан олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Э.Болоржин

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж