Монгол, Финландын зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Монгол, Финландын зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны яам,  Бүгд Найрамдах Финланд Улсын Гадаад хэргийн яамдын улс төрийн зөвлөлдөх уулзалт 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Финланд Улсын нийслэл Хельсинки хотноо болов. Зөвлөлдөх уулзалтад Монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр, Финландын талын төлөөлөгчдийг Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Торстилла нар тэргүүлэн оролцсон бөгөөд Монгол Улсаас Бүгд Найрамдах Финланд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхмандах болон албаны бусад хүмүүс оролцов. Зөвлөлдөх уулзалтаар  хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов. Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр Финланд Улсын Гадаад хэргийн сайд Эркки  Туомиояа, Европын хэрэг, гадаад худалдааны сайд Александер Стубб нарт бараалхав.

Монгол Улс, Бүгд Найрамдах Финланд Улстай 1963 оны 7 дугаар сард дипломат харилцаа тогтоосон юм. Хоёр  тал 1970-90-аад онд худалдаа, эдийн засгийн  салбарт нэлээд идэвхтэй харилцаж, Монгол Улстай хийдэг  худалдааны  нийт эргэлтийн хэмжээгээр Финланд улс өрнөдийн орнуудыг тэргүүлж байсны дотор  Финландын зээл, тусламжаар Монгол улсад цаг агаарын тандалтын сүлжээ байгуулах, нарны эрчим хүчийг ашиглах туршилт хийх, хүйтэн нөхцөлд авто зам барьж байгуулах технологи турших, ойн түймрээс сэргийлэх болон ойг нөхөн үржүүлэх, сүүний үйлдвэрийн технологийг шинэчлэх зэрэг хэд хэдэн төсөл хэрэгжин Финландын хүүгүй зээлээр мах боловсруулах үйлдвэр Багахангайд байгуулагдсан юм.

Хоёр талын худалдаа  2010 оны эцэст 13 сая ам. долларт хүрч өмнөх оныхоос 3.5 дахин нэмэгдсэн  бол 2011 онд Монгол Улс Финланд Улсаас 12.9 сая ам. долларын бараа импороор авч, 24.7 сая ам. долларын бараа экспортоор нийлүүлжээ. Манай тал ихэвчлэн үйлдвэрийн болон уул уурхайн машин техник, тэдгээрийн сэлбэг хэрэгслүүдийг импортоор авч, оронд нь бэлэн хувцас, гутал, ноос ноолуур нийлүүлдэг байна. Финланд Улсаас Монголд нийт 42 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Монгол улсад  уул уурхайн үйлдвэрлэл  эрчимтэй нэмэгдэж эдийн засгийн өсч, байгаатай уялдан хөрөнгө оруулах,  ялангуяа зэс хайлуулах, ашигт малтмалыг байгаль орчинд хоргүй байдлаар баяжуулах үйлдвэрлэлийн техник технологийг нэвтрүүлэх болон газрын ховор элементийн хүдрийн шинжилгээ судалгааны үйлчилгээ, ойн  аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд Финланд улстай хамтран ажиллах талаар зөвлөлдөх уулзалтын явцад яригдав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны 10 дугаар сард Финланд Улсад, Финланд Улсын Ерөнхийлөгч Т.Халонен 2011 оны 8 дугаар сард  Монгол улсад хийсэн  айлчлалууд, тэдгээр айлчлалын үеэр  өндөр дээд  түвшинд хийгдсэн уулзалт хэлэлцээнүүд хоёр орны уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд  чухал түлхэц үзүүлснийг  хоёр тал  цохон тэмдэглэв.

Хоёр орны Гадаад хэргийн яамдын  зөвлөлдөх уулзалтын үр дүнд ажил хэргийн хэлхээ холбоо, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх, яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх  үүднээс  2013 онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны хагас зуун жилийн ойг тохиолдуулан Монголын өдрүүдийг Финландад, Финландын өдрүүдийг Монголд зохион байгуулахаар ярилцсаны зэрэгцээ УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар Финланд Улсын  Парламентын дарга  Ээро Хжйнялуалла, Гадаад хэргийн сайд Эркки Туомиояа нарыг Монгол улсад айлчлахыг урьсныг дэд сайд Г.Тэнгэр уламжлан урилгыг гардуулав.

Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах газар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж