АНУ-ын Холбооны Засгийн газрын сансар судлалын эрдэмтэн тагнуул хийсний төлөө 13 жилийн хорих ял сонслоо. Стюарт Нозетте Холбооны шүүх хурал дээр Израйлийн талд сансрын судалгааны болон батлан хамгаалахын нууц мэдээллийг худалдсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Ял сонссон эрдэмтэн АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушын засаг захиргааны үед НАСА-д Засгийн газрын нууц төслүүд дээр арваад жил ажилласан аж. Тэрбээр хиймэл дагуул, пуужингийн довтолгооноос хамгаалах систем, тагнуулын мэдээллийн сүлжээ болон батлан хамгаалах стратегийн талаарх маш нууц мэдээллийг Израйлийн тусгай албанд худалдсанаа хүлээн зөвшөөрсөн байна. Холбооны шүүх хурал дээр яллагчид түүнийг нууц мэдээлэл дамжуулж буйг илчилсэн видео бичлэгийг нотлох баримт болгон үзүүлжээ. Видео бичлэгт Нозетте “АНУ-ын Засгийн газрын 200 сая ам.долларын өртөгтэй нууц төслийн талаарх мэдээллийг дамжуулсны хөлсөнд дээрх үнийн нэг хувийг авна” гэж хэлсэн аж. Гэвч Нозеттег 2009 онд татвараас зайлсхийсэн хэргээр баривчилсан юм байна. Мөрдөн байцаалтын явцад мөрдөгчид түүний нууц мэдээллийг өөр улсад худалдана гэж заналхийлсэн утгатай е-мэйлийг олжээ. Дээрх сэжүүр мөрдөгчдийг Израйлийн талд нууц мэдээлэл дамжуулж байсан хэрэгт хөтөлсөн байна.
Н.Энх