Үндэсний компанийн эсрэг турхирч байна

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Үндэсний компанийн эсрэг турхирч байна

Х.БАТТУЛГА ГИШҮҮНИЙ УЛИГТ ГҮТГЭЛГИЙГ М-СИ-ЭС ГРУПП, ЭНЕРЖИ РЕСУРС КОМПАНИУД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Х.Баттулга  үндэсний М-Си-Эс, Энержи Ресурс компаниуд руу дайрч гүтгэн, нэр хүндэд нь халдаж байгааг М-Си-Эс группын зүгээс эсэргүүцэн,  ард түмнийг  хувийн хэвшлийн эсрэг турхирсан санаатай үйлдэлээ зогсоохыг удаа дараа шаардсан билээ. Х.Баттулга 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр МҮОНТВ-ийн шууд нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа улигт гүтгэлгээ үргэлжлүүлж, үндэсний компаниудын нэр хүндэд дахин халдсаныг бид эсэргүүцэж, гүтгэлгээ зогсоохыг шаардаж байна.

Энержи Ресурс болон М-Си-Эс группын өрнүүлж буй бүтээн байгуулалтаар бахархаж явдаг мянга мянган монголчууд бий. Тус группын 8000 гаруй ажиллагсад Х.Баттулгын увайгүй гүтгэлэгт эгдүүцэж, эх орондоо сайхан амьдрах итгэл, тэмүүллээр дүүрэн Монгол залуусын хичээл зүтгэл, урам зоригийг мохоож байгааг нь төрийн түшээ хүнд байж боломгүй үйлдэл хэмээн буруушааж байна.

Энержи ресурс  компани нь үндэсний компаниудаас олон улсын хөрөнгийн зах зээлд анхлан хөл тавьж, гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын нүүр царай болж байгаа билээ. Үндэсний компани олон улсын зах зээлд амжилттай ажиллаж байгаа дүр зургийг харлуулж,  Монгол улсад итгэх гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулах гэсэн Х.Баттулгын энэ мэт үйлдэл нь ард түмний язгуур эрх ашигт харшилж байна. Түүнчлэн Х.Баттулга нь ЗТБХБ-ын сайд байхдаа төмөр зам барих ажлыг хойш татсанаар Таван Толгойн ордын үнэ цэнийг унагаж, тус ордоос ард түмэнд хүртэх өгөөжийг бууруулсан.

Монгол Улсын хуулиар 300 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалт хийсэн компаниуд тогтвортой байдлын гэрээ байгуулах боломжтой болдог бөгөөд Монгол Улсын Засгийн Газар гадаадын хэд хэдэн компаниудтай ийм гэрээг байгуулсан байдаг.  Харин үндэсний компани хуулийн дагуу тогтвортой байдлын гэрээ байгуулахыг Х.Баттулга гишүүн эсэргүүцэж байгаа нь ойлгомжгүй үйлдэл юм. Ухаа Худаг уурхайн нөөцийг 20 гаруй жил гэж тооцоолж байгаа тул 30 жилээс урт хугацаагаар тогтвортой байдлын гэрээ байгуулах шаардлага  бидэнд байхгүй юм.
М-Си-Эс групп болон Энержи Ресурс компаниуд нь зөвхөн 2011 онд гэхэд  улсын төсөвт 200 орчим тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төвлөрүүлсэн нь  21 аймгийн жилийн төсөв, эсвэл Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн нийт 44 мянган багшийн бүтэн жилийн цалинтай тэнцэхүйц хэмжээний дүн юм.

М-Си-Эс групп болон Энержи Ресурс компаниуд нь үүсэн байгуулагдахаасаа өнөөг хүртэл хугацаанд хуулийн хүрээнд ил тод үйл ажиллагаа явуулж ирсэнийг аудитын болон мэргэжлийн байгууллагуудын шалгалт, дүгнэлтүүд нотлох бөгөөд бид аливаа хууль бус үйлдэл хийгээгүй гэдгээ албан ёсоор хариуцлагатай мэдэгдэж байна.

Х.Баттулга гишүүн нь сонгууль дөхөхийн хэрээр улс төрийн бохир гүтгэлгээ бизнесийн ертөнцөд улам халдааж, олон нийтийг зориуд төөрөгдүүлж, үндэсний бүтээн байгуулалтыг үгүйсгэн, ард түмнийг монгол компаниуд руу өдөөн турхирч байгаа нь улс орны хөгжил дэвшилд саад тотгор учруулж байна. Х.Баттулга энэхүү үйлдлээ зогсоохгүй аваас бид хуулийн байгууллагад хандаж, нэр төрөө сэргээлгэхээ үүгээр мэдэгдэж байна.

М-СИ-ЭС ХОЛДИНГ ХХК, ЭНЕРЖИ РЕСУРС ХХК-ИЙН
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж