“Цахим үнэмлэхний бэлдцийг хугацаанд нь нийлүүлнэ”

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

“Цахим үнэмлэхний бэлдцийг хугацаанд нь нийлүүлнэ”

Иргэний цахим үнэмлэхийн бэлдэц нийлүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа “Бодь интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал Н.Нацагдоржоос зарим асуудлаар тодрууллаа.

-Монгол Улсын иргэний цахим үнэмлэх хэвлэж тараах талаар Засгийн газрын шийдвэр гарч, үүнийг хэрэгжүүлэх ажил ид өрнөж буй. Цахим үнэмлэхтэй холбоотой энэ ажилд “Бодь интернэшнл” компани ямар байдлаар оролцож, чухам юуг нь хариуцаж байгаа юм бэ? Энэ ажлыг тендергүй авсан гэж буруутгасан мэдээллүүдийг албан хүмүүс хэлэх боллоо. Үүнд тайлбар өгнө үү?

Ийм ажлыг тендер зарлаж хийх, хийхгүйг  манай компани биш Засгийн газрын шийдвэрээр шийддэг болохоор бид сайн мэдэхгүй юм. Энэ ажлын гүйцэтгэгчийг нээлттэй тендерээр сонгон шалгаруулах, үгүйг бид биш Засгийн газар шийдсэн. Засгийн газраас бэлдэц нийлүүлэх ажлыг шууд гэрээгээр гүйцэтгэх шийдвэрийг гаргасан юм. Эл шийдвэрийг хэлэлцэж баталсан танхимын гишүүдийн ихэнх нь ч өнөөдөр  Засгийн газрын гишүүн байгаа. Бидний хувьд мэдэж байгаа зүйл гэвэл энэ ажил нь үндэсний аюулгүй байдал, төрийн нууцад хамаарах асуудал тул хуулиараа нээлттэй тендер зарлан явуулах боломжгүй байсан болов уу. Ийм нөхцөлд гүйцэтгэгчийг сонгохийн тулд Засгийн газрын зүгээс буюу хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар АНУ, ХБНГУ, Францийн нэр бүхий компаниудаас иргэний үнэмлэхний бэлдэц нийлүүлэх талаар судалж, саналыг нь авсны эцэст Францын “Жемалто” компанийг нийлүүлэгчээр сонгон шалгаруулсан юм. Харин “Жемалто” компани нь бэлдэц нийлүүлэх гэрээг өөрийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Бодь интернэйшнл” компаниар дамжуулан байгуулна гэсний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар манай компанитай гэрээ байгуулсан юм. Асуудал ердөө энэ.

– Засгийн газрын зүгээс танай компанийг сонгосон, эсвэл танайх лоббидож энэ ажлыг авсан гэж ойлгох үндэслэл байхгүй гэсэн үг үү?

-Засгийн газар өөрөө судлаад “Жемалто” компанийг сонгосон. Харин “Жемалто” компани Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан гэрээ байгуулах шийдвэр гаргасан хэрэг. Аль ч талд бидний зүгээс нөлөөлсөн явдал байхгүй. Тус компани дэлхийн 80 гаруй оронд өөрийн төлөөлөгчтэй, зах зээлийн 47 гаруй хувийг нийлүүлдэг компани. Бэлдэц нийлүүлэх ажлыг тэдгээр төлөөлөгчдөөрөө дамжуулан гэрээлсний үндсэн дээр захиалгыг гүйцэтгэдэг стандарттай юм. Энэ удаад ч Монголын Засгийн газрын захиалгыг өөрийн журам, дүрмийн дагуу гэрээний үндсэн дээр гүйцэтгэж байна. “Жемальто” компанитай “Бодь интернэйшнл” компани сүүлийн 19 жил хамтран Монголын зах зээл дээр ажиллаж ирсэн. Энэ хүрээнд бид Монголдоо анх удаа банкны төлбөр тооцооны картыг нэвтрүүлэн хөгжүүлж ирснээс гадна гар утасны оператор компаниудын смарт картыг олон жилийн хугацаанд захиалгаар нийлүүлж ирсэн хамтын ажиллагааны туршлагатай.

-Цахим үнэмлэхний бэлдэц нийлүүлэх ажил одоо гэрээнийхээ дагуу хэвийн явж байна уу. Эсвэл та бүхэн гэрээний биелэлт дээр хүндрэл үүсгэснээс болоод хэл ам гараад байна уу. Яагаад асуудал өндрөө аваад байгаа юм бэ?

-Захиалагч талд бэлдэц нийлүүлэх боломжтой хугацаагаа “Жемалто” компани анх саналтайгаа хамт танилцуулсан. Тэр хугацааныхаа дагуу үйлдвэрлэлийнхээ тогтсон горим, стандарт хугацааныхаа хүрээнд бэлдцээ нийлүүлнэ. Орчин үеийн технологийн өндөр төвшинд, тодорхой  цаг хугацаанд үйлдвэрлэл явагддаг юм билээ. үйлдвэрлэлийн явцтай Засгийн газрын төлөөлөгчид газар дээр очиж танилцаад ирсэн шүү дээ. Энэ талаараа Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, УБЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Амарсанаа нар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, тодорхой тайлбарлаж байсан. Засгийн газар цахим үнэмлэхэд шилжих асуудлыг 3-4 жил ярьсан. Эцэст нь  дөнгөж өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-нд нийлүүлэгч талтай буюу манай компанитай албан ёсны гэрээг байгуулсан. Гэхдээ бид өөрийн компанийн зүгээс хүчин чармайлт гарган бэлдцийг шаардсан хугацаанд нийлүүлэх талаар ажиллаж ирсэн. Үүний үр дүнд бэлдцийн эхний хэсэг ирсэн. Үлдсэнийг нь гэрээнийхээ хугацаанд нийлүүлэхээр нйилүүлэгч талаас чармайн ажиллаж байгаа.

-Цахим үнэмлэх хэвлэж тараах ажлыг сонгуультай холбон ярьж байгаа. Үүнээс болоод сонгуулийн санал хураалтад ямар нэг хүндрэл гарч болзошгүй тал бий юү?

-Бидний нийлүүлж байгаа бэлдэц бол дотроо ямар ч мэдээлэл, агуулга байхгүй хоосон чиптэй бэлдэц байх юм. Нийлүүлэгчийн зүгээс үүнийгээ захиалагч талд хүлээлгэж өгснөөр бидний гэрээний үүрэг дуусна. Гэтэл үүний дараа тэрхүү бэлдэцэнд иргэний хувийн мэдээллийг суулгах, программчлах ажил гэж бий. Үүнд тодорхой хугацаа зарцуулж таарна. Энэ ажлыг мөн шууд гэрээний дагуу гүйцэтгэх өөр компани бий. Дараа нь цахим үнэмлэх хэвлэх ажлыг УБЕГ гүйцэтгэх юм. Бидний бэлдэц нийлүүлэх ажлаас бүх зүйл шалтгаалахгүй гэсэн үг. Ер нь иргэний цахим үнэмлэхийг сонгуульд хэрэглэх эсэх нь Засгийн газар, төрийн өөрийнх нь шийдэх асуудал шүү дээ. Хэрэв сонгуулийн үеэр цахим үнэмлэхийг ашиглана гэж тооцсон юм бол энэ ажлыг аль эрт эхлүүлж,  өнгөрсөн онд хийх ёстой байсан болов уу.   Бас Захиалагчийн зүгээс анх Засгийн газрын хуралдаанаар батлуулсан үнэмлэхний загвар нь олон улсын стандартаас зөрж байсан учир Захиалагч загварыг дахиж өөрчилсөн. Энэ хооронд засаг солигдсон тул дахин Засгийн газрын хурлаар оруулж шийдүүлэх гэж удсан. Үүнээс бүр өмнө Жемальтог сонгож гэрээ байгуулаагүй байхдаа захиалагч тал үнэмлэх хэвлэгдэж байгаа тэдэнд эдийд тараана гэж гэж нийтэд хэвлэл мэдээллээр зар тарааж байсан. Тэгэхээр бид захиалагч тал  өөр нийлүүлэгчийг сонгож үнэмлэхээ хийлгэх ажил явагдаж байгаа юм байна гэж хүртэл бодож байсан шүү дээ.

З.Боргил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж