Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Тулуз хотод еврейн нэгэн сургуулийн ойролцоо буун дуу гарчээ. Хүүхдүүд рүү гал нээсэн үл танигдах этгээд моторт дугуй унан хэргийн газраас зугтаасан байна. Түүний суманд гурван хүүхэд, нэг том оногдож амиа алдсан бол зарим нь хүндээр шархадсан аж. Бага үндэстэн дөрвөн цэргийг буудсан этгээд сурагчдыг хөнөөсөн хэмээн тус хотын хэвлэлийнхэн бичиж байна.     
Францын өмнөд нутгийн Тулуз хотод өнгөрсөн даваа гаригт гэмт этгээд еврейн сургуулийн хашаан дотор байсан  хүүхдүүд рүү бууджээ. Азор Хатор гэдэг хувийн сургуулийн дэргэд уг хэрэг орон нутгийн цагаар өглөөний 8.00 цагт гарсан байна. Сургуулийн зүг үл таних этгээд хар өнгийн  моторт дугуйтай дөхөн ирсэн гэж гэрч нар мэдүүлжээ. Хоёр хүүхэд ба нэг том хүн газар дээрээ нас барсан бол хүндээр шархдаж эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдээс нэг нь эмчилгээ авч чадалгүй амьсгаа хураажээ.

Иерусалим хотоос ирсэн 30 настай Йонатан Сандлер түүний хүүхдүүд зургаан настай Арие, гурван настай Габриель, мөн сургуулийн захирлын найман настай охин алуурчны суманд өртсөн гэж Израилийн Jerusalem Post сонинд өгүүлсэн байна.

Тулуз хотын прокурор Мишель Вале мэдэгдэхдээ гэмт хэрэгтэн харсан бүгдийг буудаж, зарим хүүхдийг хөөн сургуульд орсон. Тэндээс гарч ирээд моторт дугуй унаад зугатаасан талаар ярилцлага өгсөн байна. Нэгэн сурагч охин сургуульд ирэхдээ буун дуу сонссон. Багш биднийг бүгдийг нь шалан дээр суулгаад ус өгч байсан. Бид залбираад л суусан. Багш нар цагдаа дуудсан хэмээн ярьсан байв. Түүнчлэн “Биднийг өөр үндэстэн гээд буудаж болохгүй биз дээ” хэмээн эцэг эхчүүдийн нэг нь нулимс дуслуулан ярьжээ.

Хэргийн газар ирсэн цагдаагийнхан орчныг бүслэн хаасан ч гэмт хэрэгтнийг барьж чадсангүй. Тулузад гарсан эмгэнэлт хэргийн мэдээний дараа тэнд Францын ерөнхийлөгч Николя Саркози, Боловсролын сайд Люк Шатель ба Дотоод хэргийн сайд Клод Геон нар хүрэлцэн ирсэн байв. Ерөнхийлөгч Саркози алуурчныг заавал олно гэдгээ тус сургуулийн багш, сурагчид, эцэг эхчүүдэд амалжээ. Мягмар гаригт Францын бүх сургуулиудад амь үрэгдэгсдийг хүндэтгэн  нэг минутын чимээгүй гашуудал зарласан байна. “Энэ хэрэг бидэнд цочрол өглөө. Гэмт хэрэгтнийг олж, шүүнэ гэдэгт Францын талд бүрэн итгэлээ өгч байна” хэмээн Израилийн Гадаад хэргийн сайд Авигдор Либерман мэдэгджээ. “Антисемитизмын үндсэн дээр уг хэрэг хийгдсэн гэдэгт эргэлзэхгүй байгаагаа CRIF (Францын еврейн боловсролын институтуудын төлөөлөх зөвлөл) гэдэг байгууллагын дэд ерөнхийлөгч Жиль Тайеб Jerusalem Post сонинд өгүүлсэн байна. “Хотын энэ сургуулийг сонгон авч ирсэн нь гэмт хэрэгтэн юу хийж буйгаа сайн мэдэж байсны илрэл” гэж Тайеб мэдэгдсэн байна.

Хэвлэл мэдээллээр үүний өмнөх долоо хоногт хийгдсэн хоёр ч гэмт хэрэгт энэ аллага холбоотой гэсэн мэдээлэл гарч байна. Өнгөрсөн пүрэв гаригт Тулузаас холгүй Монтабан хотод десантын цэргийн гурван албан хаагчийг буудан хөнөөсөн бөгөөд ням гаригт Тулуз хотод энэ отрядын бас нэг цэргийн албан хаагч алагдсан гэнэ. Гэрч нарын яриагаар алуурчин дуулгатай байсан бөгөөд хар өнгийн моторт дугуй унан хэргийн газраас зайлжээ. Мөн хэрэглэсэн буу нь өмнөх хэргүүдийг үйлдсэн буутай адилхан 45 мм-ийн калибрийнх байсан гэ­нэ. Гэмт хэрэгтэн цэргийнхнийг онцлон буудаж байгаа учир хуурангаас өөр газар цэргийн дүрэмт хувцас өмсөхгүй байхыг тушаажээ. Десантынхан бага ястнууд байсан бөгөөд тэдний хоёр нь Хойд Африк, нэг нь Карибийн арлуудаас гаралтай байв. Бага ястнуудыг алуурчин сонгон буудаж байна гэж сэтгүүлчид таамаглаж байгаа ажээ. Мөн гэмт хэрэгтэн видео камер зүүсэн байсан гэж зарим гэрч нар  ярьжээ.

Францын цагдаагийнхан тусгай ажиллагааны явцад алуурчны ахыг баривчилжээ. Алуурчны нуугдаж байгаа байрыг дайрах ажиллагааны үеэр тусгай албаны гурван ажилтан шархдсан байна. Гэмт этгээдтэй цагдаагийнхан хэлэлцээр хийж байгаа аж. Тэрбээр алжир гаралтай, 24 настай Мохаммед Мера гэгч бөгөөд палестин хүүхдүүдийн төлөө өшөө авсан гэдэг нь тодорхой болоод байна.

Мөрдөн байцаалт явагдаж байх хооронд Францын ДХЯ еврейн сургуулиудынн харуул хамгаалалтыг чангатгасан байна. Тулуз хотод цагдаа ба тусгай ангийн 60 хүнээс бүрэлдсэн бригад ажиллаж байна.  Мягмар гаригт еврейн хоёр сүмийнхэн заналхийсэн захидал хүлээн авсан учир ийм хэрэг дахин гарч болзошгүй хэмээн цагдаагийнхан сэрэмжилж байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж