Францын халдлагын сэжигтнийг баривчлаагүй

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Францын халдлагын сэжигтнийг баривчлаагүй

Францад долоон хүний амийг хөнөөсөн гурван өөр халдлагийн гол сэжигтний байшинг Тулуз хотын цагдаа нар өчигдөр буюу лхагва гаригийн өглөө бүсэлсэн. Алан хядагч Аль-Кайда бүлэглэлтэй холбоотой гэх уг этгээдтэй хэлэлцээ хийхээр цагдаа нар түүний ээж, найз бүсгүйг аваачсан гэнэ. Сэжигтнийг баривчилсан гэдэг цуурхлыг Францын Дотоод хэргийн сайд үгүйсгэж байгаа юм. Сэжигтэн 23 настай Мохаммед Мерах гэгч этгээд бөгөөд 2007 онд Афганистаны Кандагарт тэсрэх бөмбөг хийх гэж оролдсон хэргээр баривчлагдаж байсан гэнэ. Мохаммед Мерахыг барихад Францын бараг бүх цагдааг дайчилсан аж. Сэжигтний орогнож буй байшинд өнөөдөр өглөө гурван дэлбэрэлтийн чимээ сонсогдсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Эхний дэлбэрэлтийн дараа сурвалжлагч нар хэлэлцээ дуусч, тусгай ажиллагаа эхэлсэн гэж мэдээлсэн боловч Францын Дотоод хэргийн сайд энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Цагдаа нарын мэдээлснээр сэжигтэн этгээдийг  Калашников болон 9 мм-ийн гар буу, гранатаар зэвсэглэсэн аж. Мохаммед Мерахын орогнож буй таван давхар байшингийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, цагдаа нар хажуугийн байрыг хяналтандаа авчээ. Өнгөрсөн арав хоногт Францад лалын шашинт гурван цэрэг болон еврейн сургуулийн гурван сурагч, нэг багшийг хөнөөсөн гурван өөр халдлага гарсан. Цагдаа нар энэ хэргийг нео-нацист эсвэл хэт барууны үзэлт этгээд үйлдсэн гэж таамаглаж байсан билээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж