Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Цасны улирлын хаалт

БТСГ, МҮОХ, Цанын холбоо, “Скай резорт” ХХК хамтран өвлийн спортыг хөгжүүлэх зорилго бүхий “Сочи-2014” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд олон улсын стандартад нийцсэн зам дээр тэмцээн уралдаан зохион байгуулах, тамирчдын ур чадварыг сайжруулах, цанын шинэ төрлүүдийг хөгжүүлэх зэрэг ажил хийж эхэлжээ.

Гуравдугаар сарын 25-ны ням гаригт “Скай резорт” цанын баазад спринт, спринт буухиа, цанын слалом, сноуборд зэрэг төрлийн тэмцээн явагдаж энэ улирлын уралдаан тэмцээнээ “хаах” ажээ.

ОУОХ-гоор хөдөлгөөн ихтэй

Олон улсын олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд өнгөрөгч долоо хоногт Лозаннд хуралдлаа. Хурлаар Панамын ҮОХ-ны байдал, Суданы гүйгч Ямиле Алдама болон Германы дугуйчин Филипп Хиндс нарыг Их Британийн нэрийн өмнөөс уралдахыг зөвшөөрөх, 2015 онд хуралдах ОУОХ-ны 127 дугаар чуулганы хотоор Малайзын Куала-Лумпурыг дэвшүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ. Эдгээрээс хамгийн чухал нь ОУОХ-ны шинэ таван гишүүний нэр дэвшүүлэх байв. Үүнд Японы Цүнеказү Такеда, Жибутийн Айша Гарад Али, Бельгийн Пьер-Оливье Беккерс, Намибийн Фрэнк Фредерикс, Хятадын Ли Линвэй нар багтжээ. Тэдний хэнийг дэмжихээ долдугаар сарын 24-нд Лондонд хуралдах ОУОХ-ны 124 дүгээр чуулганаас санал хураалтаар шийдвэрлэнэ. Сонирхуулахад эхний гурав нь тухайн орныхоо ҮОХ-ны ерөнхийлөгчийн алба хашдаг бол Ф.Фредерикс ойрын зайн гүйлтээр олимпийн хошой мөнгөн медальтай, Ли Линвэй бадминтоны дэлхийн гурван удаагийн аварга юм. Бүсгүй хүнд талтай ханддаг ОУОХ энэ удаа ч хоёр шингэн дуутанд (Айша, Ли) боломж олгох нь.

Үүнтэй зэрэгцэн спортын ертөнцөд түгсэн өөр нэгэн мэдээ бол ОУОХ-ны гишүүнээр 30 жил хүчин зүтгэсэн, Үндэсний олимпийн хороодын холбооны (ANOC) тэргүүн Марио Васкес Ранья олимпизмийн бүх албан тушаалаасаа татгалзсан явдал. Түүний ANOC-ийн бүрэн эрхийн хугацаа 2014 он хүрч шувтрах ч ирэх зургадугаар сарын 7-нд 80 нас хүрч ОУОХ-ны гишүүнээс хүссэн хүсээгүй буух болоод байв. Нөгөөтэйгүүр дөрөвдүгээр сард Москва хотноо ANOC-ын чуулган хуралдах үеэр өөрийн залгамжлагчийг хэл амгүй сонгуулахаар чармайсан ч байж болох талтай. 1979 онд өөрөө байгуулснаас хойш тасралтгүй удирдсан байгууллагынхаа төлөө үүнийг хийсэн гэдгээ тэрээр дөрвөн хуудас өргөдөлдөө хангалттай дурдсан байна. Сануулахад ОУОХ-ны хамгийн ахмад, бас удаан суусан (48 жил) гишүүн Бразилийн тэрбумтан Жоао Авеланж оны өмнөхөн мөн албан тушаалаасаа сайн дураар огцорсон билээ. 94 настай, Олон улсын хөлбөмбөгийн холбоог 24 жил удирдсан  түүний хувьд хээл хахуулийн асуудалд нэр холбогдсоноос ингэсэн гэх мэдээлэл байдаг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж