“Ирак задрахгүй, гэхдээ сүйрэл нөмөрч байна”

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

“Ирак задрахгүй, гэхдээ сүйрэл нөмөрч байна”

АНУ ба түүний холбоотнууд Ирак дахь цэргийн ажиллагааг
зохион байгуулж Саддам Хусейны дэглэмийг унагасны есөн жилийн ой хоёр хоногийн
өмнө тохиов. Иракийн байдлын талаар Барууны тэргүүлэх шинжээчдийн нэг Анна Нива
ярилцлага өгсөн байна. Францын улс төр судлаач, зохиолч бөгөөд цэргийн
сурвалжлагаараа хамгийн алдартай сурвалжлагч нарын нэг нь Анна Нива юм. Дайн
эхэлсэн цагаас Иракийн тухай гурван ном бичсэн тэрбээр тус оронд 20 гаруй удаа
очиж байжээ. Тэрбээр саяхан болсон Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр
нутгаасаа хөөгдөн гарсан бөгөөд тун удалгүй оросууд  түүнээс уучлалт гуйсан юм.

-Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард цэргээ Иракаас
гаргасны дараа америкчуудын амлаж байсан тогтвортой байдал тус улсад бүрэлдэж
чадсан уу?

-Үгүй, Өнөөдөр ч Ирак ч улс төрийн нөхцөл байдал хүнд,
тогтворгүй байна. Тус улсад  нэг сарын
дотор 340 хүн амь үрэгдэж байна шүү дээ. Дэлбэрэлт, аллага өдөр бүр гарч байна.
Засгийн төлөөх өршөөлгүй ширүүн тэмцэл явагдаж байна. Шиитийн болон суннитийн
хэт даврагчдын үйл ажиллагаа идэвхжлээ. Тэд хэтэрхий их аллага үйлдэж байна.
Энэ бүгд 2006-2007 онуудын иргэний дайныг санагдуулж байна.

-Тэгэхээр тэнд иргэний шинэ дайн болж байна гэсэн үг үү?

-Одоохондоо, ингэж арай ч хэлж болохгүй байх. Гэхдээ энэ хандлага өөрчлөгдөхгүй бол улс
орон нь дахиад л иргэний дайнд татагдан орох эрсдэлтэй болжээ.

-Эрх баригчид байдлыг хянаж чадахгүй байна гэж үү?

-Засаг нь хэдийнэ хяналтаа алдсан. Ерөнхийлөгчийн сонгууль
болсон 2010 оны гуравдугаар сараас л ийм нөхцөл байдал үүсээд байна. Тухайн
үед  Аль-Иракийя гэсэн суннит болон
иргэний хүчнийг төлөөлсөн нам олонхийн санал авсан байсан юм. Гэтэл өөрөө
шиитийн сүсэгтэй ерөнхий сайд Нури аль-Малики тэдэнтэй засгаа хуваалцахыг
хүсээгүй. Түүний байгуулсан Засгийн газрын эвсэлд Аль-Иракийя огт багтаагүй.
Улс төрийн тэмцлээсээ болоод одоо тус орны удирдлага хэт даврагчидтай тэмцэх
завгүй болсон.

-Аль-Малики уу эсвэл түүний тан­хим  уу. Аль нь олонд илүү нэр хүндтэй вэ?

-Би үүнд хариулмааргүй байна. Хүмүүс эдийн засгийн байдалдаа
сэтгэл дундуур байна. Багдадад гэхэд л цахилгааныг хоногт дөнгөж гурван цагаар
түгээж байна. Улс орны дэд бүтэц дайнд сүйрсэн бөгөөд түүнийг сэргээхээр хэн ч
зүтгэхгүй байгаа. Нефтийн экспортын орлого хүн амдаа хүрдэггүй. Орлого нь ч
түүний нөөцийн боломжоос хамаагүй доогуур байна. Тахририйн  талбайд баасан гаригийн мөргөл бүрийн дараа
эсэргүүцлийн жагсаал болсоор нэг жил болж байна. Аль-Малики уг талбайд хуягт
техник байрлуулсан байна лээ. Ерөнхий сайд хүчнийхэндээ найдах нь ихсч өөрөө
нэг хүний дэглэмийг байгуулж байна.

-Аль-Малики өөрөө америкчуудаас аль хир хамааралттай байна
вэ?

-Энэ хүн Америкийн тоглоомын эрх баригчаас бие даасан, олон
зүйлээр нэг хүний дарангуйлал байгуулсан урьдчилан таамаглахын аргагүй улстөрч
болоод байна. Одоо америкчууд түүнээс юу хүлээхээ мэдэхээ больсон.

-Үймээнгүй, эмх замбараатай Саддамын үеийг санагалзах
хандлага Иракт ажиглагдаж байна уу?

-Үгүй, тийм зүйл мэдрэгдээгүй. Хүмүүс Саддамын үеийг санахыг
ч хүсэхгүй болсон байна лээ. Гэхдээ улс төрийн шинэ системийг тэд огт хүлээн
авахгүй байгаа. Учир нь иракчууд үүнийг америкчууд хүчээр тулган авчирсан
хэмээн үздэг юм билээ.

-Харин засгийн эрхэнд гаргасан гээд шиитүүд Америкт
талархдаг байх даа?

-Элитийн гэх хэсэг нь тэгдэг байж магадгүй юм. Харин ард
түмэн нь америкчуудад сөрөг хандлагатай. Сүйрэл, дайн, үндэсний доройтол нь
тэднээс болсон гэж үздэг. Яахав курдуудын мужуудад Америкийн эсрэг санаа
шүүмжлэл арай бага гардаг.

-Өнгөрсөн жилүүдэд Иракийн хүн амын аль давхрага бүхнээс
илүүтэй хэлмэгдсэн бэ?

-Христийнхэн. Саддамын үед харь­цангуй тайван амьдарч байсан
бол одоо тэднийг авлан мөшгөж, сүм хийдийг нь дэлбэлэн, хүмүүсийг хөнөөж байна.
Ихэнх христийнхэн тус орноос дүрвэсэн. Мөн цөөнхүүд ямагт хүнд байдалд байгаа.
Саяхан эмо гэх соёлыг бишрэгч өсвөрийн үеийнхний эсрэг шиитийн хэт даврагчид
харгислал үйлдсэн шүү дээ. Багдадад сарын дотор 50 хүүхэд залуусыг чулуугаар
шидлэн хөнөөсөн. Энэ үзэн ядалтын кампанийг Дотоод хэргийн сайд нь эхлүүлж,
хүүхдүүдийг “чөтгөр шулмын” гэж нэрлэсэн байсан.

-Өнөөдөр тэнд Ираны нөлөө ямар байна вэ?

-Маш хүчтэй. Үүнийг нууж хаасан хүн байхгүй. Ирантай шашин
нэгтэй шиитүүд өдгөө засаг барьж байна. Өнөөгийн олон лидерүүд нь тухай цагтаа
Иранд бүгж байсан юм. Ирак дахь шиитийн ариун газруудад Иранаас олон мянган
даяанчид ирж байна. Саддамын үед тийм зүйл байхгүй байв.

-Хэрэв АНУ ба Израиль Иранд довтолбол Ирак хэнийг дэмжих
бол?

-Тэд Ирантай эв нэгдэлтэй байна. Тэр эв нэгдэл нь ямар хэлбэрээр
илэрхийлэгдэх вэ гэдэг нь өөр асуудал.

-Суннитийн хэт даврагчид, тэдний дотор “Аль-Каидатай”
холбоотой бүлэг Иракт одоо байна уу?

-Суннитийн хэт даврагч бүлгийн­хэн Башар Ассадтай
тулалдахаар Сирид очсон байгаа. Өмнө нь 
тэд америкчуудтай үзэлцэхээр Сириэс ирцгээж байв. Иракийн хилийг хянаж
байгаа гэж Сирийн эрх баригчдын сануулга зүгээр л тэдний инээдийг хүргээд  өнгөрдөг. Хоёр орны хил задгай. Тэр хилээр  юуг ч давуулж болно.

-Иракийн ирээдүй ямар байна вэ? Шиитийн, суннитийн, курдынх
гээд задрах уу?

-Ирак задрах нь юу л бол. Улс оронд нь асуудал их байгаа ч
тэд өөрсдийгөө иракчууд гэдэг.

-Саддам Хусейны үеэр байгуу­лагдсан гэрээ хэлцлээ буцаан
авах боломж Орост байна уу?

-Боломж бараг алга. Бусдад ашиг­тай гэрээ хэлцлээ өгөхийн
тулд америк­чууд Иракт нэвтрээгүй юм шүү дээ. 

Иракчууд хоол хүнс, ажил шаардаж байна

Шиитийн радикалл лидер Муктад ас-Садрын талынхан тус орны
зүүн өмнөд нутгийн Басра хотод жагсан амьдралын эрхээ шаарджээ. Ас-Садрын
хэвлэлийн төлөөлөгч ард түмэнд хандан ядуурлын эсрэг,  Америк, Израилийн эсрэг тэмцэлд нэгдэхийг
уриалсан байна.

Саддам  Хусейны
дэглэмийг нураасны дараах есөн жилийн дотор Иракт өлсгөлөн нүүрлэн ажилгүйдэл
өсч байна. Ажил олгогч гол хүчин нь Засгийн газар болсон бөгөөд тус орны төсвийн
95 хувь нь нефтийн экспортоос бүрддэг. Засгийн газар нь ажлын шинэ байр бий
болгох төлөвлөгөө гаргасан ч ард түмэн түүнд итгэдэггүй.

Иракийн хотуудад цуврал аллага гарлаа

Иракийн хотуудад гарсан 12 дэлбэрэлтийн улмаас наад зах нь
45 хүн амь үрэгдэж, зуугаас илүү хүн шархаджээ.

Өнгөрсөн мягмар гаригт Кербала хотод хоёр удаа бөмбөг
дэлбэрч наад зах нь 13 хүн үрэгдсэн байлаа. Тийм маягийн дэлбэрэлтүүд Багдад ба
Киркук хотод болжээ. Арабын лигийн орнуудын дээд хэмжээний уулзалт ирэх долоо
хоногт Багдад хотноо болно. Мөн уг довтолгоо нь Иракийн дайны есөн жилийн ойтой
давхцлаа.

Тус улсад Засгийн газрыг толгойлж байгаа шиитүүд суннитийн
улс төрийн зүтгэлтнүүдийг төрийн эргэлт хийх гэлээ хэмээн буруутгасны улмаас
Иракийн байдал ихээхэн хурцатмал байдал үүсээд байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж