Нутаг нэгтнээ худалдсан Г.Батдэлгэр нарыг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Нутаг нэгтнээ худалдсан Г.Батдэлгэр нарыг шүүнэ

Монгол Улсын иргэн арав гаруй охид, эмэгтэйчүүдийг Макао, Малайз, Хонконг, Сингапурт худалдсан, биеийн нь үнэлүүлсэн хэрэгт буруутгагдаад буй Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Г.Чинзориг, Н.Сэлэнгэ, Б.Бүрнээбаатар нарт холбогдох хүний наймааны хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэнэ. Эл хэргийг шүүх хурал өмнө нь таван удаа хойшилж байсан бөгөөд  хамгийн сүүлд гуравдугаар сарын 5-ны өдөр шүүгдэгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзах санал гаргаснаар хойшлоод байсан юм. Тэдний шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч хүлээж аваагүй. Тиймээс өнөөдрийн шүүх хуралд улсын яллагчаар Ц.Насанбат, шүүх бүрэлдэхүүнд М.Алдар, Ш.Төгсгэрэл, Ч.Хосбаяр оролцоно. Харин шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, Э.Энэбиш, Л.Данзанноров, С.Оюун, Б.Тогоохүү, Ё.Өнөрбаяр нар оролцох юм байна. Г.Батдэлгэр нарт эрүүгийн хуулийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн, мөн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар хүнийг хил давуулан худалдаалсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэсэн зүйл ангиар буруутгаж  байгаа аж.

Уг хэргийг зохион байгуулсан, бусдыг татан оролцуулсан Г.Батдэлгэр нь  Хятадад сурч байх хугацаандаа дээрх гэмт хэргийг үйлджээ. Өмнө нь  Г.Батдэлгэрт 11, Г.Ганзориг, Г.Чинзориг нарт 10 жил зургаан сар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэж байсан ч давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон ял нь хөнгөдсөн гэж үзэн  анхан шатны шүүх рүү  буцааж байжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж