Би бодохдоо… энэ хүмүүс чинь гэнэт сэрцгээсэн юм уу даа гэж бодлоо. Сонгууль болох ойртох тусам улс төрчид ард түмнийхээ асуудлыг сонсож, гэнэт тэдний талаар бодоод эхэлцгээв. Сүүлийн өдрүүдэд бүхий л телевизүүд, хотын төвийн хамгийн үнэтэй самбар бүхнийг “Монгол Ардын Намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны зохион байгуулж буй БИ БОДОХДОО..” эзэлчихжээ. Кинон дундуур гэнэт Би бодохдоо.. гарч ирнэ. Өнөөх талхны үнэ 300 төгрөг гэж хэлээд хэл аманд орсон Сангийн дэд сайд Ч.Ганхуяг “Хүн болгон дор бүрнээ ажиллахдаа улс орныхоо сайн сайхны төлөө ажиллаж байгаа юм шүү хэмээн бодох ёстой юм” гэнэ шүү. Мөн олонд танигдах зорилгоор гарч ирсэн шинэхэн Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар гэж нөхөр “Эрүүл хүүхэд монголын ирээдүй” хэмээн боддог гэнэ. Дараагаар нь НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой, Тавантолгой чухал ч Монгол толгой үүнээс чухал гэж боддог” гэж зарлав. Ингэж сүр дуулиантай сурталчлаад буй зүйл нь теле нэвтрүүлэг байсан аж. Энэ нэвтрүүлгийнх нь бичлэг саяхан интернэтэд байршиж эхэлжээ. Нэвтрүүлгийнх нь зорилго нь нийгэмд буй асуудлыг харж, иргэдийн бодож буй асуудлыг шийдэх юм гэнэ. Эхний дугаар гэр хорооллын гудамжинд ус түгээгүүрийн хажууханд өрнөнө. Хөтлөгч усанд явдаг 25-ийн шар савны хажууд зогсжээ. Түүний хэлж буйгаар нийт хүн амынх нь 70 гаруй хувь нь амьдрах нөхцөл хүнд газарт байгаа юм гэнэ. Ингээд оролцогчид бэлтгэсэн индэрт гарч үгээ хэлэх бөгөөд олигтой төртэй улсад аль хэдийн шийдчих байсан асуудлыг тоочино. Анхны оролцогч өвөөгийн эхний хүсэлт нь “хорооныхоо байр болон өрхийн эмнэлгийн асуудлыг шийдүүлэх хүсэл” байлаа. Мөн хог ачилт, зөөврийн усны талаар ч ярилаа. Манай хорооны ажил өөдрөг сайхан байгаа. Хорооны засаг дарга, ажлын алба сайн ажиллаж байгаа хэмээв. Дараагийнх нь оролцогч дунд эргэм насны эмэгтэй. Тэрээр хүүхдүүдийн сургуулийн асуудлыг хөндөв. Өөрийнх нь хороонд цэцэрлэг байхгүй учраас өөр хорооны цэцэрлэг рүү хүүхдээ зөөдөг гэв. Гарц байдаггүй учраас зам гарахад бэрхтэй тул хурд сааруулагч тавьж өгөхийг хүсэв. Дараагийн индэрт гарч ирсэн 40 эргэм насны эрэгтэй залууст зориулсан мэдээллийн самбарыг хороо болгоны үүдэнд гаргаж өгөхийг хүсэв. Архи сурталчлах биш, хууль сурталчлах цогц бодлого үгүйлэгдэж буйг ч дурдлаа. Мөн залуус алгаа тосч амьдрах биш хөдөлмөрлөх хэрэгтэй гэв. Энэ бүх шүүмжлэл нь өөрөө засаг төр тааруухан ажиллаж байгааг дүгнэж буй тул МАН-ын залуусын сэдсэн нэвтрүүлэг засаг барьж буй ах нарт нь таалагдахгүй ч байж ч магадгүй аж. Өмнө нь байсаар ирсэн асуудал, тэр л усны сав, нүүрсний уутний талаар иргэд гомдолсоор. Харин эдгээр асуудлыг гаргаж ирэх гэж “шинээр сэтгэж буй”-г нь би бодохдоо…Гэнэт сэрцгээсэн юм уу даа л гэж бодлоо. Энэ бүх сурталчилгаандаа зориулж буй мөнгөөр ямар нэгэн асуудлыг бодитойгоор шийдэж болох байсан даа ч гэж бодож байна.
А.ШАРХҮҮ