Ума Турман: Хэн нэгэнд уураа гаргах шиг өөртөө тарьж буй гай байхгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Ума Турман: Хэн нэгэнд уураа гаргах шиг өөртөө тарьж буй гай байхгүй

Ума Турман (Uma Thurman) ярилцлагадаа хожимдож ирэв. Түүнийг дагалдан ирсэн хэвлэлийн төлөөлөгч аятайхан залуу Роберт Гарлок "Ума будаж гоёод.." хэмээн шулуухан хэллээ.

"Биллийг хөнөөх нь" киноны урт хөлтэй эмэгтэйтэй ярилцахад зориулан би илгэн хүрмээр гангарав. Нью-Йоркт халуун байсан ч Cavalli-н пиджакийг би Медисон Авеню дахь дэлгүүрээс гудамжны дэлгүүрээс авсан юм. Тэнд өчигдөр байшин дэлбэрээд… Террорист халдлага биш л дээ. Нэгэн эмч эхнэрээсээ салаад байшингаа эхнэртэйгээ хуваалцахгүйн тулд "Намайг үхсэний дараа аваарай" гэсэн зурвас үлдээгээд гал тавьжээ. Шуналтай эр сүүлчийн мөчид тусламж дуудсанаар хэрэг төгсч хорссон эхнэр нь "Чи үхэж ч хүртэл чадахгүй" гэсэн зурвасыг түлэнхийгээ эмчлүүлж байгаа нөхөр асандаа явуулсан байлаа. Гал гарсныг сонирхсон гэдгээ хэлэхэд ч ичгэвтэр. Өөр шигээ хүмүүстэй энэ тэрийг ярилцсаар шатсан байшингийн өөдөөс харсан дэлгүүрээс тэр пиджакийг худалдан авсан юм. Гол нь тэр хувцас Умад ямар сэтгэгдэл төрүүлэх нь надад сонин байв. Уулзалтдаа 50 минутаар хоцорч ирсэн өнөөх Умад.

Хар өнгийн хувцас өмссөн Ума дагина мэт үзэсгэлэн төгөлдөр, тэнгэрлэг харагдаж байлаа. Ийм өндөр эмэгтэй байна гэдэгтэй эвлэрэхэд их хэцүү юм. Өнгөрсөн жилийн уулзалтаас хойш нүднийх нь орчим үрчлээ нэмэгджээ. Гэхдээ бараг мэдэгдэхгүй шахуу … Уулзангуутаа тэрбээр миний хүрмийг магтав. Өнөөх харамч эр, хорссон эхнэр хоёрын түүхийг Уматай хуваалцлаа.

-Этан Хоукоос салсан түүхийг чинь сонсмоор байна. Сая гарсан таны "Миний супер эхнэр асан" киноны баатар чинь маш их хорсолтой нэгэн. Харин та?
UT: – Ер нь бол үгүй. Хэн нэгэнд уураа гаргах шиг өөртөө тарьж буй гай байхгүй биз. Миний хувийн амьдралыг санагдуулсан дүрүүдийг би сонгодог гэж хүмүүс боддог биз. Хэзээ нэгэн цагт нөхрүүддээ зодож байсан уу гэсэн асуудал ирнэ гэдгийг би мэдэж байсан. Тиймээс "Нэг тийм юм болсон" гэсэн хариулт бэлтгээд байгаа. Гэхдээ "Ер нь бол би түүнийг зодоогүй шүү".

-Тарантиног ч гэсэн цохиод авья гэж бодож байгаагүй гэж үү?

UT: – Түүнийг ер бусын үйлдэл нь тухайлбал, хар шог нь аварч байлаа.

-Та түүний кинонд хэт их харгислал харуулдагт та хэрхэн ханддаг вэ?

UT: – Би хүчирхийллийн ямар ч хэлбэрт дургүй. Тийм дүрүүдэд үргэлж дургүйцдэг ч кинонд нь тоглодог. Хэрэв тэр нь үйл явдлын хэсэг бол яах ч аргагүй.

-"Миний супер эхнэр асан" киноны нэг сэдэв нь орчин үеийн нийгэмд эмэгдэйчүүд тэргүүлэх тухай байгаа. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

UT: – Би хүмүүсийг эр, эм гэж ангилдаггүй. Лидер байх хүсэлгүй. Хэн нэгэн намайг дагаад явж байгаасай гэж боддоггүй. Миний дагуул надтай хөл зэрэгцэн алхаж байг. Мөн тэгж явахдаа намайг шинэ зүйлд сургаж байхыг би хүснэ.

-Супер эхнэрийн тухай киноны сексийн хэсэг надад их таалагдсан. Таны баатар их хүч чадалтай, ороо эвдээд л, хана нураагаад л…?

UT: – Хэрэв танд супер хүч эзэмдэх боломж байсан бол та бас тэгэхгүй байсан гэж үү /инээв/. Тун саяхан би найз нартаа номлогчийн гэх байрлалтай, дусал хөлстэй, сексийн уйтгартай зураг надад таалагдахаа больсныг ярьсан. Тиймээс ч би миний баатрыг G-Girl гэж нэрлэхийг дуртайяа зөвшөөрсөн. Өөрөө тааварлана биз дээ. /G-Man: эл киноны Америкийн Холбооны мөрдөх товчооны ажилтны нэр, харин G нь эмэгтэй хүний бие дэх хамгийн их сэрэл үүсгэдэг цэг/

-Оросын ах дүү хоёр нэгэн хамтлаг байгуулаад түүнийгээ "Уматурман" гэж нэрлэсэн /нилээд сонирхсон байдалтай болов/…

UT: -Тийм ээ. Та өмнөх уулзалтаар тэдний дискийг надад бэлэглэж байсан. Би түүнийг сонссон. Их сонирхолтой. Харамсалтай нь үгийг нь би ойлгоогүй.

-Нэгэн дуунд нь ах дүү хоёрын нэг нь хэзээ нэгэн цагт таныг аваад нисэхээр ирнэ. Та үүдээ нээгээд л түүнд "Вова, би чамайг ямар их хүлээв ээ !" гэж хэлж байгаа гэж өгүүлдэг.

UT: – Аан, тийм үү. Тэд шинэ сэдэв хайх хэрэгтэй гэж бодож байна. Өөр сонирхол тэдэнд байгаа байлгүй дээ.

-Та тэндэнд юу дамжуулан хэлэх вэ?

UT: – "Их баярлалаа" гэж дамжуулаарай.

-Таны баатрууд их сайхан хувцасладаг. Харин та хэрхэн гоёх дуртай вэ?

UT: – Янз бүр. Би биеийн тамирын хувцастай байж чадна. Эсвэл "өд сөдөө цэвэрлээд"… танд ярилцлага өгөхөөр ирж чадна.

-Та гоо сайхан юу вэ гэсэн асуултад тодорхой хариулт өгч чадах уу?

UT: – Миний хувьд гоо сайхан гэдэг нь хувь хүний онцлог. Ухаан, сайхан сэтгэл. Хүмүүстэй уулзахдаа би баяр, хөөртэй, баясгалантай байна уу л гэдэг чухал.

-Та хөгшрөлтөөс айж байна уу?

UT: – Та миний зургийг сэтгүүлд тавихдаа фотошопоор янзлаарай /тас тас хөхрөв/. Би өөрийгөө арчлахыг оролддог. Нүүрээ угаана, цэвэрлэнэ, тос түрхэнэ. Харин хэзээ ч ханатлаа унтаж байсангүй. Үргэлж яарна. Хоолны дэглэм барихгүй. Ус бага ууна. Спортоор бараг хичээллэхгүй. Ингээд яриад байвал дуусахгүй дээ. Би 36 настай. Хөгшрөлтөөс зугтана гэж байхгүй. Тиймээс ч би түүнийг тайван хүлээн авч байгаа.

-Та гоо сайхны мэс засалд хэрхэн ханддаг вэ?

UT: – Надад тийм мэс засал хэрэгтэй болох үед өвдөлтгүй ямар нэгэн арга олдох биз. Хэрэв гоо сайхны мэс засал хэн нэгнийг сайхан байлгаж чадаж байгаа бол гайхамшигтай. Гэхдээ миний бодлоор түүнд татагдах нь хэмжээ хязгаараа алдаж байх шиг. Ямар нэгэн зоогийн газар ороод л хүмүүсийг ажиглахад тэд залуу биш нэг л өөр харагдах болсон байна. Нэг шинэ төрлийн хүн үүссэн гэлтэй. Нас нь нэлээд өндөр гарсан танил жүжигчин эмэгтэйтэй тааралдаад юу хийж байгааг нь сонслоо. "Дарааллаа хүлээж байгаа" гэв. Тав, арван жилийн дараа утасных нь дэвтэрт гоо сайхны мэс засалчийн утас эхэнд нь бичигдээгүй түүний үе тэнгийнхэн алга болох нь. Өнгөрснөөс өөрийгөө эвдэн байж хэсэг хугацааг авах гэсэн тэр оролдлого надад таалагддаггүй. Өөрийнхөөрөө л байсан нь дээр.

-Таны бүтээсэн хартай супер эмэгтэйн дүр хаягдсан бүх эмэгтэйчүүдэд үлгэр дууриалал болох вий гэж та айхгүй байна уу?

UT: – Үгүй ээ. Харин би хүүхдүүдийнхээ үлгэр дууриалал нь болоод байгаа. Миний дөрвөн настай хүү найз нартаа манай ээж ийм том хүнийг будаа болгож чадна хэмээн гайхуулж байхыг нь сонслоо. "Хэрэв энэ хорвоод асуудал гарвал ээж маань шууд шийднэ" гэсэн үг болох нь. Хүү минь өсч том болоод өөр бодолтой болно гэдгийг би мэдэж байгаа ч сонсоход чихэнд аятайхан санагдсан шүү.

-Хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлж байна вэ?

UT: – Би нэг онолтой хүн. Минийхээр бол эхчүүд нь охидоо ихээхэн дарамталдаг. Учир нь сэтгэл зүйн талаасаа тэдний хүмүүжлийг анхаардаг байх. Бид тэднийг хөдөлмөрч, нямбай, болгоомжтой байхад сургадаг. Харин эрэгтэй хүүхдэд болгоомжтой байхыг тэр болгон сургаад байдаггүй. Минийхээр бол эрэгтэй хүүхэд хамаагүй хэцүү. Хүүхдүүдээ сайн ойлгохын тулд хүүхдийн сэтгэл зүйчид хандан бөөн асуудал тавимаар байгаа юм.

-Та ямар уламжлалыг чухалчилдаг вэ?

UT: – Миний ээж швед хүн. Тиймээс бид зул сарын баярыг Европынхоор тэмдэглэдэг. Америкт энэ баярыг өглөө тэмдэглэдэг болохоор бусдын адил биш орой тэмдэглэх нь миний охинд ч таалагддаг.

-Танай гэрийн стиль?

UT: – Надад бүгд таалагддаг. Эклектикт би бүрэн автсан хүн болохоор гэрт тогтсон стиль байхгүй, бүгдээс л бага багаар бий.

-Та одоо харьцангүй чөлөөтэй эмэгтэй!

UT: – Би одоо чөлөөтэй жуулчлах эрхтэй боллоо. Зураг авалтад дарагдсан хүн байлаа шүү дээ.

-"Миний шилдэг нууц хонгор" кинонд та амрагаасаа 14 насаар эгч хүний дүрийг бүтээсэн. Ер нь та ийм насны зөрөөтэй харьцаанд хэрхэн ханддаг вэ?

UT: – Би хүний харилцааны шинжээч биш. Залуучууд үүнийг сонирхдог болсон ч юм билүү? Би мэдэхгүй юм. Надад тийм туршлага алга даа.

-Гэлээ ч таны шинэ кино чинь "Хонгорхон нас" гэсэн нэртэй…

UT: – Тэр бол өөр зохиол. Колумбийн сургуульд гарсан яргалал шиг түүхээс зохиосон эмгэнэлт зохиол. Би өөрийн насны, сургууль төгсөгчдийн баярт ирсэн эмэгтэйн дүрд тоглож байгаа. Миний дүрийн залуу насыг Ивен Рейчел бүтээсэн. Кинонд хилэгнэсэн нэг сурагч ангийнхнаа буудан хороож буйг гаргах юм. Миний баатар тэндээс амьд гарсан ч бүх насаараа гэмшиж явдаг.

-Бидэнд тохиолдож болзошгүй байгалийн гамшгийн тухай өгүүлдэг Германы "Swart" гэсэн бестселлерыг амилуулахад таныг оролцоно гэж сонссон юм байна. Хүрээлэн буй орчиныг хайрлан хамгаалах талаар та сэтгэл зовдог уу?

UT: – Кельн хотод амьдардаг миний найз нарын компани энэ номын эрхийг авсан юм. Хэдийгээр тэдэнд илүү нэр цуутай хүн хэрэгтэй байгаа ч гэсэн би туслахаар оролдож байна. Хүрээлэн буй байгаль орчны хувьд чадлаараа л зүтгэдэг. Хогоо ангилаад өөр, өөр уутанд хийнэ. Тусгай экологийн цэвэр гэрлийн шил ашигладаг. Харин миний машин одоохондоо холимог түлш хэрэглэх хөдөлгүүргүй. Байгальд хоргүй түлшний хөдөлгүүртэй машин гарч ирэнгүүт л авна гэж бодож байгаа.

 Ш.Мягмарсамбуу /2007 оны 12 сарын 27/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж