Зарим банкууд зээлийн хүүгээ өсгөжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Зарим банкууд зээлийн хүүгээ өсгөжээ

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Монголбанкны захирлуудын зөвлөл хуралдаж бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 12.75 болгосноо зарласан. Бодлогын хүүгийн өөрчлөлт арилжааны банкуудын зээлийн хүүнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Хэдийгээр төв банкны зүгээс  бодлогын хүүг 0,5 нэгж хувиар нэмлээ гээд арилжааны банкуудын зээлийн хүүнд нөлөөлөхгүй хэмээн тайлбарлаж байгаа ч зарим арилжааны банкууд зээлийн хүүгээ нэмсэн талаарх мэдээлэл байна. Тиймээс өнгөрсөн долоо хоногт Монголбанк бодлогын хүүгээ нэмсэн  нь арилжааны банкуудын зээлийн хүүнд хэрхэн нөлөөлснийг сонирхсон юм.


ХААН

Тус банкны хувьд өнөөдрийн байдлаар зээлийн хүүндээ өөрчлөлт оруулаагүй байгаа гэнэ. Харин өнгөрсөн жил Монголбанк бодлогын хүүгээ гурван удаа нэмсний дагуу тус  банк зээлийн хүүгээ өсгөж, дундаж хүү нь сарын 2,2 хувьтай байгаа.  Тухайлбал, орон сууцны зээлийн хүү нь өнгөрсөн сарын мөн үетэй харьцуулахад сарын 2.1 хувь болтлоо өссөн бол бизнесийн зээл нь сарын 1.5-2.2 хувь болтлоо нэмэгджээ.

Хас банк

Зээлийн хүүгээ тус банк тодорхой хэмжээгээр нэмсэн  байна. Өнгөрсөн жил тус банкны зээлийн хүү сарын1.4-аас 2.0 хувь болтлоо өссөн. Орон сууцны зээлийн хүү нь одоогоор сарын 1.8-2.0 хувьтай байна. Харин бизнесийн зээл нь сарын 1.9-2.3 хувьтай байгаа. Харин хөдөө аж ахуйн  зээлийн хүү нь нь сарын 2,1-2,5 хувь.

Худалдаа хөгжлийн банк

Одоогоор зээлийн хүүнд өөрчлөлт оруулаагүй байна. Оны өмнөхөн орон сууцны зээлийн хүүгээ бага зэрэг нэмсэн. Өнөөдрийн байдлаар тус банкны орон сууцны зээлийн хүү сарын  1,4-1.5 хувьтай байгаа. Өнгөрсөн жил тус банкны орон сууцны зээл сарын 1.25-1.4 хувьтай байсан.

Төрийн банк

Зээлийн хүүндээ одоогоор өөрчлөлт оруулаагүй. Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд гаргаж байгаа жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг тус банкаар дамжуулж магадгүй гэсэн яриа бий. Өнөөдрийн байдлаар орон сууцны зээлийн хүү нь сарын 1.5 хувьтай байна. Харин бүх зээлийнх нь дундаж сарын хувь нь 1.4-2.5.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж