Улсын хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ХХҮГ-ын хэлтсийн дарга Д.Чойжилсүрэн
-“Хүний хөгжил сан”-гаас олгодог гуравдугаар сарын мөнгөө иргэд авч чадахгүй байгаа гэсэн. Арилжааны банкууд болохоор танайхыг санхүүжилтээ хийхгүй байгаа гэдэг тайлбарыг өгч байна. Яагаад гуравдугаар сарынхаа мөнгийг өгч чадахгүй байдалд хүрчихэв?
-Мэдэхгүй ээ. Сангийн яамнаас санхүүжилтээ хийхгүй байгаа. Энэ талаар асууж тодрулахаар яамныхан мөнгө байхгүй гэдэг тайлбарыг өгч байна лээ. Сангийн яам санхүүжилтыг нь хийчихвэл манайх арилжааны банкуудын дансад тэр даруйхан хийчихнэ.
-Тэгээд “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг яг хэзээ өгөх вэ?
-Хэлж мэдэхгүй байна. Сангийн яам санхүүжилтээ хэзээ хийх нь мэдэгдэхгүй байна. Сангийн яамнаас энэ асуудлаар тайлбар авсан нь дээр байх. Тэд л ямар учраас саатаад байгааг хэлэх биз. Одоогоор “Хүний хөгжил сан”-гийн дансанд ямар ч мөнгө байхгүй.
-“Хүний хөгжил сан”-гаас сар бүр тараадаг 21 мянган төгрөгийг хэдэн сар хүртэл олгох билээ?
-Зургадугаар сар хүртэл олгоно. Өөрөөр хэлбэл, Хүний хөгжил сан”-аас тараадаг 21 мянган төгрөгөө иргэд дөрвөн сар л авах юм.
-Хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тараах сая төгрөгийн асуудал юу болсон бэ. Уг нь цагаан сараас өмнө сая төгрөг тараана гэж байсан биз дээ. Гэтэл сар шинэ өнгөрөөд бараг сар боллоо?
-Тэр асуудлыг Сангийн яам, Засгийн газраас асуусан нь дээр байх. Сар бүр олгодог 21 мянган төгрөгөө тавьж чадахгүй шахам болчихоод байхад юун сая төгрөг вэ. Тэгээд ч Засгийн газар хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөх сая төгрөгийнхөө журмыг одоо хүртэл батлаагүй байгаа шүү дээ. Журам батлагдаж, мөнгө орж ирсэн цагт л сая төгрөгийг тараах байх даа. Ямар ч байсан ойрын хугацаанд сая төгрөгийг тарааж чадахгүй л болов уу.