”Цөмийн хаягдал байршуулах санаатай байхыг үгүйсгэхгүй”

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

”Цөмийн хаягдал байршуулах санаатай байхыг үгүйсгэхгүй”

Гадаад харилцааны дэд сайд асан Д.Болортой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


-Дэд сайд байсан хүний хувьд дараагийн асуудлын нарийн ширийнийг сайн мэдэх байх. Монголд цөмийн хаягдал булшлах талаарх асуудлыг Ерөнхий сайдыг айлчлах үеэр японы сэтгүүлч дахин нийтэлсэн. Тэрхүү нийтлэлд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд А.Ундраа энэ тухай хэлэлцээ хийсэн гэдгээ мэдэгдсэн байна лээ. Та бүхэн яагаад энэ асуудлыг нууцлаад байгаа юм бэ. Танд мэдэх зүйл юу байна вэ?

-Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал бол Япон улстай дипломат харилцаа тогтоосны ойн хүрээнд болсон өндөр, дээд хэмжээний айлчлал юм. Япон улс бол манай эдийн засгийн томоохон түнш. Тэр утгаараа эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр хийж буй том айлчлал. Өнгөрсөн хугацаанд япончууд Монгол Улсын хувьд хамгийн том донор байж ирсэн. Тийм учраас айлчлалын ач холбогдол маш их байсан юм.

Цөмийн хог хаягдал булшлах талаар гэвэл ажлаа өгөөд сар гаруй болсон учраас түүнээс хойш ямар яриа хэлэлцээр болсон гэдгийг мэдэхгүй. Харин намайг дэд сайдаар ажиллаж байх хугацаанд тийм гэрээ хийх тухай яригдаагүй. Тэгж ярьдаг ч юм биш.

-Намайг сайд байх хугацаанд тийм гэрээ хийгээгүй гэж та баталж чадах уу?

-Тийм яриа байхгүй. Монгол Улсын Үндсэн хуулиар хориглочихсон зүйл шүү дээ. Тиймээс Үндсэн хуулиас гадуур яриад явах боломж ч байхгүй. Харин цаад талын хүсэл сонирхол гэвэл ямар ч байж болно. Монголд цөмийн хаягдал  байршуулах санаа, бодол агуулж байхыг үгүйсгэхгүй. Харин тэрийг нь Монгол хүлээж авах боломжгүй. Тэр бол байж болохгүй асуудал. Улс төрийн хүчнүүд ч дэмжихгүй байлгүй дээ. Энэ асуудал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд ч яригдсан байх. Тэгэхдээ энэ асуудал байж болохгүй талаар чиглэл өгөгдсөн болов уу. Тиймээс саяны айлчлалыг үүнтэй холбох үндэслэл байхгүй л дээ.

-Ерөнхий сайд Японд айлчлахдаа чөлөөт эдийн засгийн худалдаа хийх талаар хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ингэснээр бидэнд ямар боломж, бололцоо нээгдэв ээ? 

-Чөлөөт худалдаа, эдийн засгийн хэлэлцээрийг олон оронд хийгээд явж байгаа. Ер нь энэ хэлэлцээрийг хийхийн ач тус их бий. Би нэлээд олон ийм төрлийн хэлэлцээрийг ахалж хийсэн. Товчхон хэлэхэд, эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирсэн байгаа энэ үед ийм хэлэлцээрүүд маш чухал. Харин аль оронтой,  ямар түвшинд, яаж хийх вэ гэдэг нь орон орны онцлогоос шалтгаална. Япон улсын хувьд манайд оруулж буй хөрөнгө оруулалтандаа нэлээд чамлалттай байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ стратегийн түнш орнуудыг нэг. Стратегийн түншлэлийн хувьд эхэнд нь ОХУ, дараагаар нь Япон улс, гуравт нь БНХАУ ордог. Ийм түнш орны хувьд худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа нь чамлалттай байгаа юм. Тиймээс энэ хэлэлцээрийг хийснээр манай хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа өмнөхөөсөө огт өөр түвшинд гарна. Япон улстай энэ хэлэлцээрийг хийхээс өөр аргагүй.

-Хамтарсан Засагт орж ажилласнаар гадаад харилцааны хувьд та юу хийсэн бэ. Өөрчлөх шаардлагатай олон асуудал байсан л байх. Хийгээгүй үлдсэн, зайлшгүй хийх шаардлагатай ямар асуудал байна?

-Энэ мэт хэлэлцээр дээр нэлээд ажилласан. Ер нь бол энэ хэлэлцээрийг хийснээр эрх зүйн орчин нь бүрдэж байгаа юм. Жишээлээд хэлэхэд, хөнгөлөлттэй үнээр бараа, материал нийлүүлэхээс эхлээд олон ахиц гарна л даа. Дотроо маш олон зүйл бий. Бидний европын холбоотой хийж буй улс төр, эдийн засгийн өргөн хүрээг хамарсан маш том хэлэлцээртэй нэлээд төстэй гэж ойлгож болно. Энэ бүхэн цаашид үргэлжлээд явах нь зүйтэй. Монголд ихээхэн ач тустай юм.

-Европ гэснээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг эх оронд нь авчрах ажлын хэсгийн ахлагч нь та байсан. Багагүй төлөөс төлж, тухайлбал уул уурхайд хөрөнгө оруулах боломжийг олгох мэтээр барьцаанд унаж байж түүнийг авчирсан гэсэн. Тэр үнэний ортой л байх даа. Яг ямар хэлэлцээр хийж байж суллуулсан юм бэ?

-Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг авчирах үүрэгтэй л байсан. Тиймээс бүх төвшинд асуудлыг тавьж, ярьсан. Хариуцлагатайгаар мэдэгдэхэд ямар нэгэн барьцаанд орсон зүйл байхгүй. Тийм юм болоогүй. Тийм үндэслэл ч байхгүй. Шүүх ажиллагаа явдаг журмаараа л явсан. Эцэст нь бид хүнээ авчирсан. Гэхдээ энэ асуудал бүр мөсөн дуусаагүй.

-Тэгэхээр дипломат харилцааны хүрээнд асуудлыг үргэлжлүүлж байгаа гэсэн үг үү?

-Би нэгэнт ажлаа өгчихсөн учраас яримааргүй байна. Ажлын хэсэг нь одоо ч байгаа шүү дээ. Тиймээс Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр илүү мэдээлэлтэй учраас түүнээс асуусан нь дээр. Намайг ажиллаж байх үед ямар нэгэн улс төрийн тохироо хийгээгүй. Б.Хурц гэдэг хүн маань ч өнөөдөр хариуцлагатай алба хашиж байгаа шүү дээ. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, зарим хүмүүс жаахан буруу ойлголттой байх шиг. Б.Хурц бол тухайн үедээ үүрэг л гүйцэтгэж явсан хүн. Харин ч Б.Хурцын хувь хүний тэсвэр, хатуужил үнэхээр мундаг санагдсан шүү. Тийм нөхцөл байдал үүсчихээд байсан үед шүү дээ. Энийг гадны шоронд гэдэг талаас нь хэлээгүй юм шүү. Тухайн үеийн нөхцөл байдал болон баригдсан, шалтгаан нь хэр баргийн хүн даваад гарчих асуудал биш байсан. Тийм байхад тэр бүхнийг тэсээд, даваад гараад ирсэн нь энэ хүн хэр тэсвэр, хатуужилтай хүн бэ гэдгийг харуулсан болов уу.

-Б.Хурц АТГ-ын дэд дарга болчихсон. Хэрэв асуудал дуусаагүй байгаа юм бол энэ хүн ажлын шугамаар гадаад руу явлаа гэхэд ахиад ийм юм болчих юм биш биз дээ?

-Тийм юм болохгүй гэж шууд үгүйсгэж чадахгүй. Асуудал нэг мөр шийдэгдэж байж л чөлөөтэй болно. Яг одоо бол ингэнэ, тэгнэ гэж хэлж мэдэхгүй байна.

-Энэ асуудалд Ерөнхийлөгч ямар нэгэн байдлаар нөлөөлсөн үү. Нэг онгоцоор ирсэн шүү дээ?

-Тийм зүйл байхгүй. Тэр бол тохиолдол. Ерөнхийлөгч АНУ-д болсон НҮБ-ын чуулганд оролцоод буцаж явахдаа БНСУ-аар дайрч ирсэн. Тэгэхэд нь л таарсан. Тийм л юм болсон.

-Уг нь Б.Хурц биш Үндэсний аюулгүй байдлын Ц.Энхтүвшин дарга явах байсан. Гэтэл Ц.Энхтүвшин дарга өөрийнхөө оронд Б.Хурцыг явуулсан гээд яриад байдаг. Тийм юм болсон уу?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөө шугамаар явсан. Тийм ч учраас Их Британ Умард Ирландын нэгдсэн вант улсын Элчин сайдын яамтай манай холбогдох хүмүүс холбогдоод виза хүсээд, түүнийгээ ч аваад явсан байдаг. Иймд энэ хүн албан ажлаар явсан гэдэг нь тодорхой. Тусгаар тогтносон Монгол Улсын дипломат паспорттой явж байсан албан тушаалтан шүү дээ. Тиймээс Английн талыг буруутгахаас өөр арга байхгүй.

-Гадаад харилцааны яам ямар нэгэн мэдээллийг өгөхдөө жаахан хойрго хандаад байх шиг санагддаг. Бид өөрсдийнхөө тухай гадны хэвлэлээс унших нь олонтаа тохиолдсон л доо. Нууцлах зүйл байлгүй л яах вэ. Гэхдээ шаардлагагүй мэдээллийг нууцлаад байдаг нь ямар учиртай юм. Тэрийг та юу гэх вэ?

-Яамны хувьд шинэчлэл нэлээд болсон. Удирдлагууд нь ч чадвартай залуусаар “цус сэлбэсэн”. Мэдээлэл өгч байгаагийн хувьд таны хэлсэн үнэн л дээ. Ер нь, Гадаад харилцааны яам үндэсний аюулгүй байдалтай нягт холбоотой байгууллага. Тиймээс ярих юм, ярихгүй нууцлах зүйл байна. Тэрийг манай зарим сэтгүүлчид ойлгодоггүй. Тэр мэдээллийг дэлгэснээрээ иргэддээ гай болчих ч асуудал бий. Тэгэхээр нуухыгаа нууна. Бусдаар бол аль болох мэдээллийг шуурхай, бодитой хүргэх зарчим өнөөгийн нийгэмд бий. Коммунизмын хүйтэн дайны үе өнгөрсөн л дөө. Энэ бүхнээс дүгнээд арай өөрөөр, нээлттэй ажиллахаар багагүй зүйл хийсэн. Асуудал гарахад бид мэдээлж л байсан.

-Гадаадад Монгол Улсыг төлөөлөн суугаа Элчин сайдын яамдууд тэнд ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ хэр ажилладаг юм бэ. Гадаадад амьдарч байгаа монголчууд хэрэгт холбогдлоо их дуулддаг. Ялангуяа хар тамхины хэрэг замбараагаа алдаж байна. Хэдэн мянгаараа тэр сүлжээнд орчихсон гэх нь ч дуулдах боллоо?

-Мэдээж судалгааны дүн тааруу гарах юм бол бид аль болох саатуулахыг  бодно. Хар тамхины хувьд аль ч оронд онц ноцтой хүнд гэмт хэргийн тоонд ордог. Хар тамхины гэмт хэрэг үйлдэж байна гэдэг нь гэмт хэрэг. Тэнд Монгол эсвэл гадаад нь хамаагүй. Бидний хувьд асуудалд орооцолдсон хүмүүсээ аль болох анхаарч, ялыг нь хөнгөлүүлэх, гаргах тал дээр л ажилладаг. Гэхдээ өөрсдийн ухамсаргүй, хайхрамжгүй үйлдлээс болоод хэрэгт холбогдох нь элбэг байна. Тиймээс урьдчилан сэргийлэх л хэрэгтэй байгаа юм. Сүүлийн үед хар тамхины асуудал Монгол Улсын хувьд сэтгэл зовнисон л асуудал болоод байна. Монгол шиг ийм цөөхөн хүн амтай улсад хар тамхины дамжин өнгөрөөх бааз нь болчихвол аюултай л юм болно.

-Та өмнө нь ялтан солилцох гэрээ хийхээр хэд хэдэн оронтой харилцаж байгаагаа хэлж байсан. Тэр юу болсон бэ?

-Ялтан солилцох гэрээг хийж байгаа болоод хийсэн ч улс бий. Бид аль болох олон улстай гэрээ хийхийг эрмэлздэг. Тэр дундаа БНХАУ-ыг илүү анхаарч байгаа. Гэхдээ энд ямар ньюанс байна гэхээр онц ноцтой гэмт хэргийг оролцуулахгүй гэж бий. Өнөөдөр Монгол Улсад ял эдэлж буй Хятадын иргэд ч байгаа. Манайхны хувьд голдуу онц ноцтой гэмт хэрэгт холбогддог учраас энэ асуудал их хэцүү. Гэхдээ аль болох хэлэлцээрийг хийх л хэрэгтэй. Түрүүн хэлсэнчилэн, Европын холбоотой хийж байгаа гэрээний хүрээнд ч энэ асуудал хөндөгдөнө.

-Монголчууд гадаадад ажиллаж амьдрахаар явахад баахан шинжилгээ өгөх хэрэгтэй болдог. Солонгос руу гэрээгээр ажиллахаар явлаа гэхэд л шүдийг нь тоолох нь энүүхэнд харагддаг. Хамгийн эрүүл залуучуудыг авч ажиллуулдаг. Эргээд ирэхдээ харин өвчний үүр болчихсон ирдэг. Тэгсэн хэрнээ тэд ямар ч шалгуургүйгээр Монголд нэвтэрдэг. ХДХВ-ийн анхны тохиолдол тийм л замаар орж ирсэн. Хүний эрх талаас нь ч юм уу. Эсвэл дипломат асуудлын хүрээнд ижил тэгш байлгаж болдоггүй юм уу?

-Солонгосчуудын тавиад буй эрүүл мэндийн шалгуурыг бид судалж үзсэн. Хүний эрхийг зөрчсөн зүйл ч биш байгаа юм. Гадна, дотных нь хамаагүй. Ажил олгогч мэдээж эрүүл хүнийг л ажилд авахыг хүснэ. Тийм ч учраас тэгэж шалгуур тавьж байна. Монголд ажиллах хүчин орж ирэхэд ч тодорхой шаардлага тавьдаг. Харин гадаад ажилчид авч байгаа монгол компаниуд маань өөрсдөө ямар ч хариуцлага, шаардлага тавьдаггүй. Ашгаа бодоод аль болох хямд хөлсөөр ажиллахыг нь л боддог. Тиймээс шалгаруулж авахгүй байгаа юм. Гэтэл солонгосчууд тэгэхгүй байна шүү дээ. Ийм л ялгаа байгаа юм.

-Манайд аюулгүй байдал талаасаа гадаадын ажиллах хүчнийг хязгаарласан бодлого байна уу?

-Мэдээж хэрэг бий. Нууц ч юм бий.  

Л.НАРАНТӨГС


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж