Бага ангийнхан “BUS”-тай болчихвол ч

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Бага ангийнхан “BUS”-тай болчихвол ч

Өвлийн хүйтэн өнгөрч, урин хавартай золголоо. Өглөө бүр сэтгэл өвтгөдөг нэгэн зураглал арай өөрөөр харагдана. Идэр есийн хүйтэнд үүрийн жаварт хацраа хайруулж, шил толь мэт болтлоо хөлдсөн автобусны буудалд суух унаагаа хүлээх бяцхан жаалууд даарах аюулаас бага зэрэг ангирчээ.

Харин автобусанд өрнөдөг зураглал огт өөрчлөгдсөнгүй. Кондуктарын загнахаас урьтаж 200 төгрөгөө төлөөд, автобусны хөдөлгөөний аясаар найган, хүний хөл дээр гишгэж загнуулахгүй шиг зорчихыг хичээнэ. Учир нь бага ангийн жаалуудад зориулсан бариул манай нийслэлд явж буй нийтийн тээврийн хэрэгсэлд нэг ч байдаггүй. Хааяахан олдох сандлыг нь оюутан ахаас авахуулаад “булаах” эзэн мундахгүй.

Цүнхэндээ түүртэн, хүний хөлд гишгэгдэх нь халаггүй хичээлдээ яарах дунд сургуулийн сурагчиддаа манай төр хэтэрхий тоомжиргүй хандаад байх шиг. Магадгүй сонгуульд санал нэмэрлэдэггүй болохоор огтхон тоодоггүй байж болох л доо. Түүнээс биш сонгуульд санал нэмэрлэдэг хүний төлөө манай төр хэрхэн үйлчилж буйг оюутнуудын жишээнээс харж болно. Нас биед хүрсэн тэдэнд сар бүр цалин өгнө, сургалтын төлбөрөөс тодорхой хэмжээг төр даана, автобусаар үнэгүй зорчуулна. Харин сурагчид төрийн халамж, хайрын гадна үлдчихэж.

“Эдгээр бяцхан жаалуудыг хичээлдээ сургуулийнхаа тусгай автобусаар зорчдог болчихвол сайхан аа” гэдэг бодлыг олон хүн сэтгэлдээ тээдэг биз ээ. Тэгээд ч сургуулийн автобус гэдэг манай улсын хувьд шинэ юм шиг харагдах ч хүний эрх тэр тусмаа хүүхдийн эрхийг эн тэргүүнд тавьдаг улс орны хувьд 100 гаруй жилийн өмнөөс шийдэгдчихсэн асуудал юм билээ.

Сургууль бүрийг автобустай болгоход маш их хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй гэдэг. Төсвийн мөнгийг үрж ядахдаа тэрбум, тэрбумаар нь болхидуу хийцтэй хөшөө босгоно. Тойрогтоо зарцуулах нэрийдлээр гурав, гурван тэрбумаар  төсвийн хөрөнгийг зулгаана. Бүр сүүлдээ ямааг цалинжуулж, “хонь”-ийг  урамшуулах.  Уг нь  малаа биш хүнээ, хүүхдээ хүндэтгэх хэрэгтэй байгаа юм л даа.

Нийслэлийн захын хорооллын сурагчид хичээлдээ явах, орой тараад харихдаа багагүй бэрхшээлийг туулж буй талаар манай сонин цувралаар хүргэсэн буй. Өмнөх сурвалжлагуудынхаа  мөрөөр манай улсад хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудад хандан, үүнийг шийдвэрлэхэд ямар гарц байж болох хайсан юм. Харин олзуурхууштай, эцэг эхчүүдийг баярлуулахаар мэдээг БСШУЯ-ны харьяа Ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн Л.Отгонсүрэн дуулгав. 

-Ерөнхий боловсролын сургуулийг автобустай болгох талаар яригдаж эхэлсэн. Эхний ээлжинд хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын суралцдаг сургуулийг тусгай автобустай болгоно. Мэдээж, нийслэлийн 208 сургуулийг автобустай болгохын тулд их хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй. Энэ хөрөнгө мөнгийг Засгийн газар хэлэлцэж, УИХ батална. Сургуулиасаа хол гэртэй ерөнхий боловсролын сурагчдыг автобустай болгох хүсэлтийг хэн ч гаргаж болно. Сургуулийн нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн төлөөх байгууллага эцэг, эхчүүд гээд л. Танай сонин хүсэлт тавьсан тохиолдолд бид яамаараа дамжуулан, Засгийн газарт хүргэхэд бэлэн байна гэж БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн Л.Отгонсүрэн хэлсэн юм.

Ингээд “Ардын эрх” сонин, www.news.mn сайт Ерөнхий боловс­роллын дунд сургуулийг автобустай болгох хүсэлтийг БСШУЯ-ны харьяа ерөнхий боловсролын газарт хүргэхээр боллоо. Сонингоороо ч дамжуулж энэхүү хүсэлтээ уламжилж байна. Эцсийн эцэст энэ бүгдийг эрх баригчид, дарга сайдууд л шийднэ шүү дээ. УИХ, Засгийн газар хүүхдүүд төлөө хэрхэн ажиллах, хэр сэтгэл гаргахыг харах л үлдлээ. Бага ангийнхан уг нь “bus”-тай болчихвол ч…

Б.ОЙНБИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж