Сонгуулийг зэрэгцүүлэх шалтгаан, эсрэгцүүлэх шалтаг

Хуучирсан мэдээ: 2012.03.22-нд нийтлэгдсэн

Сонгуулийг зэрэгцүүлэх шалтгаан, эсрэгцүүлэх шалтаг

Цагдаагийн удирдлагууд сайн дураараа, өөрсдийн хүсэлтээр “Ганц худаг”-т морилцгоож гэнэ. Хуулийн заалт, шүүхийн захирамжийг зөрчин байж таслан шийдвэрлэх арга хэмжээнээс зугтан дүүргийн эмнэлэгт хоргодоод байсан цагдаагийн хуучин дарга нарыг нийгмээрээ буруушааж, үүнээс болж одоогийн дарга нь генералынхаа “погоон”-ыг хуулуулахын даваан дээр тав дахь хоногтоо аргагүйн эрхэнд хорих руу шилжсэнийгээ нөхдүүд “өөрсдийн хүсэлтээр “Ганц худаг” явлаа” хэмээн хэмээн залруулав. Эх орныхоо төлөө сайн дураараа дайнд мордов гэж сонссоноос биш, шүүхийн таслан шийтгэх тогтоол гарсны дараа “сайн дураараа шорон руу явлаа” гэж би лав сонсоогүй юм байна. Бодвол шүүхийн шийдвэр шийдвэр биш, тэдний хүсэл сонирхол бүгдийг шийднэ гэж л ойлгуулах гээд байгаа бололтой.

Үүнтэй адил бас нэг зүйлийг МАН-ын нөхдүүд яриад яваа. Орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй бол сонгууль явуулж болохгүй ээ гэж.

Цагдаагийн экс дарга нарыг цагдан хорих шийдвэр гарч, ШШБГ-ынхан таслан шийдвэрлэх тогтоолыг хэрэгжүүлэхээс татгалзсаны дараа МАН-ын нөхдүүд бүгд хэлээ залгичихсан. Арга ч үгүй биз, Ардын намын байрны үүдэнд “Дааганаас унаж үхдэггүй, даравгараасаа болж үхдэг. Р.Раш” гэсэн анхааруулга хадчихсан юм чинь гэдэг онигоо хүртэл гарчихсан байхад. Ж.Энхбаяр сайд яалаа…

Гэтэл орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах болонгуут харин нөхдүүд ёстой нөгөө “хөлтэй хөлхөж, хөлгүй нь мөлхөн” заргалдаж эхэлдэг юм байна. УИХ-ын дэд дарга, сонгуулийн шинэчлэлийн асуудалд манлайлан оролцож асан ноён Н.Энхболдоос авахуулаад МАН-ын бага хурлын гишүүн гэх телевизийн захирал хүүхэн хүртэл ”Хоёр сонгуулийг зэрэг явуулах гэхээр хууль нь зөрчилтэй байна” хэмээн гөрдөж байгаагаас үзвэл орон нутгийн сонгуулийг УИХ-ынхтай зэрэг явуулна гэдэг МАН-ынхны хувьд хүзүүндээ олс угласнаас ялгаагүй хэрэг бололтой. Харин орон нутгийн сонгуулиа салгаад намар явуулбал энэ нам алдагдсан байр сууриа эргүүлэн олж авах боломжтой болох юм биз. Яах вэ, монголчууд угаасаа аль нэг нам нь давуудаад эхэлмэгц дараачийн сонгуулийг нөгөөд нь өгөөд тэнцүүлчихдэг зантай учраас.

Яг үнэндээ бол 1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл ч биш, МАХН төр барьсан юм шүү дээ. УИХ-д Ардчилсан холбоо эвсэл олонхи болж, Засгийн газраа байгуулсан ч МАХН байгуулсан Засгийн газрыг нь гурван удаа огцруулж, тэр ч байтугай олонхийн бүлгийн гурван гишүүнийг нь шоронд хориод амжсан. Сонгогчид УИХ-ын сонгуулийг ардчиллынханд өгсөн юм чинь орон нутгийг нь МАХН-д өгөөд тэнцүүлчихье гэтэл орон нутагт ялсан МАХН нь эргээд УИХ, Засгийн газрынхаа гаргасан бодлогыг сөрж ажиллаад, дээр гаргасан бодлого шийдвэр бүхэн дунд шатанд очоод будаа болж байлаа. Дөрвөн жилийн дараа МАХН “Энэ ардчиллын залуус юу ч хийх чадваргүй юм байна” гэж хэлээд УИХ-д 72 суудалтай болж байлаа. Одоо ч гэсэн МАН энэ барилаа тавихыг хүсэхгүй байна л даа.

Уг нь бол одоо хүчин төгөлдөр үйлчилж буй орон нутгийн сонгуулийн хуулиар УИХ, орон нутгийн сонгууль хоёр нэг өдөр явах хуультай. Тэр цаг нар, өдөр судар нь зөрсөн барьсан, болохгүй бүтэхгүй гэдэг бол зүгээр л гуйвуулга. 2007 онд УИХ-аар баталсан Орон нутгийн сонгуулийн тухай хуулиар “Орон нутгийн сонгуулийг 2012 оноос эхлэн УИХ-ын сонгуультай нэг өдөр явуулна” гээд заачихсан. Тэгэхээр нөхдүүдийн яриад байгаа “Орон нутгийн сонгуулийг амралтын өдөр, УИХ-ын сонгуулийг ажлын өдөр явуулах хуультай байхад яаж нэг өдөр явуулдаг юм бэ” энэ тэр гэдэг бол цэвэр гөрдлөг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл 2008 оны орон нутгийн сонгуульд үйлчилж байсан “санал хураалтыг амралтын өдөр явуулах” тухай заалт 2012 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүчингүй болсон гэсэн үг. “УИХ-ын сонгуультай нэг өдөр явуулна” гэдгийг үүнээс өөрөөр яаж ойлгох ёстой юм. УИХ-ын сонгуулийн санал хураалт лхагва гаригт болсон бол орон нутгийнх ч бас лхагва гаригт л болно биз дээ. Тэгэхээр нөхдүүд хоосон зэрэглээ хөөгөөд л яваад байна аа даа.

Харин санал хураалт явуулах цаг нарны тухайд бол 22.00 цагийг 20.00 цаг болгоод хуульдаа өөрчлөлт хийчихэд буруудах шалтаг шалтгаан байхгүй.

Ер нь бол МАН-ын гишүүдийн яриад яваа “Орон нутгийн бүрэн эрхэд халдах гээд байна, бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх ёстой” энэ тэр гэдэг ч шалтаг л болохоос шалтгаан биш /Ардын нам олонхи учраас Ардын намын талд Цэцийн шийдвэр гарах ёстой ч юм биш/. Шалтгаан байсан бол аль 2007 онд УИХ-д суудалтай улс төрийн бүх намууд нийлж суугаад хэлэлцэхдээ харах л байсан шүү дээ. Тэр үед одоог бодвол УИХ-д зургаан нам байлаа, Эх орон, Иргэний зориг, ҮШН, АТН, Ардчилсан нам, МАХН гээд. Тэгээд ч энэ хуулийг баталсны дараа сонгуульд орж, албан тушаалд очсон бүх улстөрчид “2012 оноос эхлээд орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуультай нэг өдөр явах юм байна” гэдэг ойлголттой, сэтгэл санааны бэлтгэлтэйгээр сонгуульдаа орсон шүү дээ. Бүрэн эрхийн хугацаа маань гүйцэхгүй юм байна, дөрвөн сар нь хасагдчихлаа, би энэ ажлыг чинь хийж чадахгүй ээ гэж тухайн үеийн дарга нарын хэн нь ч л хэлээгүй юм даг.

Гэтэл өнөөдөр гэнэт саран дээрээс унаад ирсэн нөхдүүд “Орон нутгийн бүрэн эрх хааччихав аа” ч гэх шиг матрын нулимс унагаад гүйлдээд байгааг юу гэж ойлгох вэ. “Нохойд барьдаг мод” гэдэг шиг ялагдлаас зугтах л нэг арга саам юм биз дээ. Тэгээд ч үнэхээр засаглалыг авья гэж байгаа аль аль шатандаа адил тэнцүү эрх мэдэлтэй байж ажлаа явуулдаг, Засгийн газарт нэг нам, орон нутагт нөгөө нам эрх барьдаг байвал парламентын олонхи, цөөнх гэдэг шиг бие биенээ сөрж зогсоод ажил явуулдаггүй гэдгийг 1996-2000 оны засаглалын гашуун туршлага бэлээхэн харуулсан шүү дээ.    

Нэгэнт баталсан хууль нь, гаргасан үндэслэл, хэрэгжүүлэх шаардлага нь байгаа нөхцөлд сонгууль нэг өдөр явдгаараа явж л таарна. Харин гарах зардлаа бууруулж, ажлаа хөнгөвчилье гэвэл цагийн зөрүүг нь нэгтгээд санал авах хэсэг хороодоо нэг дор байгуулаад явчих хэрэгтэй юм. Эрх биш хоёр нам энэ зүг рүүгээ явах байлгүй дээ. Хэрэвзээ эрх баригч нам энэ маягаар “Хамт явуулахгүй ээ” гээд гэдийгээд байвал цаг мөч нь тулаад ирэхээр “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гэдэг л болох байх даа.

Б.СЭМҮҮН


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж