АНУ, Израйльд ижилхэн хариу өгнө гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.21-нд нийтлэгдсэн

АНУ, Израйльд ижилхэн хариу өгнө гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ираны ард түмэнд эв нэгдэлтэй байхыг уриалсны дараа Ираны шашны дээд тэргүүн “АНУ, Израйль хоёр Иран руу довтолвол бид хариуг нь яг ижилхэн өгнө” хэмээн хариу мэдэгдэл хийжээ. Ираны шашны дээд тэргүүн Аяатолла Али Хаменеи Иран цөмийн зэвсэг үйлдвэрлээгүй гэсэн ч гадны халдлагад хариуг нь өгөх цэрэг зэвсгийн бүрэн чадалтай гэдгээ мэдэгдсэн байна. Энэ сарын эхээр Ираны шашны дээд тэргүүн Вашингтонтой цөмийн асуудлаар хэлэлцэхийг зөвшөөрсөн Аяатолла Али Хаменеи Исламын Бүгд найрамдах улсад хүндэтгэлтэй хандахыг АНУ-аас хүсч, бүс нутагт хагарал үүсч болзошгүйг анхааруулжээ. Барак Обама лалын шашинтнуудын үндэсний баяр Наурузыг тохиолдуулан Ираны ард түмэнд мэндчилгээ илгээсэн аж. Тэрбээр АНУ, Иранд нэг нэгнээ үзэх ядах ямар ч шалтгаан байхгүй. Гэвч Ираны эрх баригчид ард иргэдийн мэдээлэл авах эрхийг боомилж, телевиз, радиогийн нэвтрүүлгийн хаахын тулд хиймэл дагуулын сүлжээг тасалж байна хэмээн буруутгасан юм. Ираныг цөмийн хөтөлбөр боловсруулж эхэлснээс хойш АНУ, Ираны хоорондох харилцаа хурцдаж, бүс нутагт дайны өмнөх таагүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. АНУ болон өрнөдийн орнууд Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэж байна гэж сэжиглэж, тус улсын эсрэг эдийн засгийн болон нефтийн хориг тавьсан юм. Нефтийн худалдааг нь хоригловол Персийн булан дахь Ормузийн хоолойг хаана гэж Иран сүрдүүлсэн ч АНУ, Израйль нефть тээвэрлэгч гол хоолойг хаалгахгүй байх бүх аргыг хэрэглэхээ мэдэгдсэн юм. Иранд эдийн засгийн хориг тавьж, нефтийн экспортыг нь хязгаарласнаас эдийн засаг нь хэцүү байдалд орж, Төв банк нь нефтийн худалдааг ам.доллараар биш, алтаар хийхээр болсон билээ. Иранд эдийн засгийн хориг тавьснаас хойш тус улс 50 тэрбум ам.доллартай тэнцэхүйц техник тоног, төхөөрөмж, гэр ахуйн бараа, хүнсний бүтээгдэхүүн, мах, цагаан будаа импортолжээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж