
Энэтхэгийн прокурорууд 2008 оны Мумбайн террорист халдлага үйлдэгчдээс ганцаараа амьд үлдсэн Аджмаль Амир Касабыг дүүжлэн цаазлахыг шаардаж байна. “Хэрэв түүнийг цаазлахгүй бол шударга шүүхийг доромжилсон хэрэг болно” гэж гол яллагч Уджвал Никам мэдэгдсэн байна.Тавдугаар сарын 3-нд 22 настай Аджмаль Касабт ял сонсгосон ба түүнийг 88 зүйл ангийн ялгааны ихэнхэд буруутай гэсэн юм. Мөрдөн байцаалтын явцад Касаб хийсэн хэргээ хүлээсэн байгаад дараа нь өөрийн мэдүүлэгээс татгалзсан ажээ. Ялын шийдвэрийг пүрэв гаригт гарна гэж хүлээж байна.
Мумбай хотын галт тэрэгний буудал хэд хэдэн байшинг 2008 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр 10 орчим террористууд буудаж дараа нь хоёр тансаг зочид буудал ба еврейн төвийг эзлэн хүмүүсийг барьцаалсан байв. Тэднийг устгах ажиллагаа хэд хоног үргэлжилсэн. Энэ аллагын үеэр 165 хүн алагдаж, есөн террористыг устгасан байлаа.
Баривчлагдсан ганц террорист Аджмаль Касаб нь Пакистаны иргэн бөгөөд Энэтхэгийн тусгай албаныхан түүнийг "Лашкар-и-Тайба" гэх хэт даврагчдын лагерьт бэлтгэгдсэн гэж үзсэн юм. Тус байгууллагыг Пакистаны эрх баригчидтай холбоотой гэж албан бусаар хэлдэг. Гэхдээ Пакистан өөрсдийн оролцоог үгүйсгэн Энэтхэгт террорын хэргийг мөрдөхөд нь туслана гэсэн билээ.
Пакистан 2009 оны сүүлчээр алан хядагчдын хамсаатан гэх долоон сэжигтэнд ял тулгасан юм. Тэр шүүгдэгчдийн дунд аллагыг зохион байгуулсан гэх Заки-ур Реман Лахви ба "Лашкар-и-Тайба" бүлэглэлийн удирдагч гэгдэх Зарар Шах нар байв.